Олон улсын Ахмадын өдөр: Монгол Улс 31 дэх жилдээ тэмдэглэж, нээлттэй өдөрлөг зохион байгууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
batbold.sh@montsame.gov.mn
2022-10-01 18:10:56
@ShoovdorBatbold
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Жил бүрийн 10 дугаар сарын 1-нд тохиодог Олон улсын Ахмадын өдрийг Монгол Улс 31 дэх жилдээ тэмдэглэж байна.

Өнөөдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголын ахмадын холбоотой хамтран Ахмадын өдөрт зориулсан “Нээлттэй өдөрлөг”-ийг Сүхбаатарын талбайд зохион байгууллаа.

Тус өдөрлөгт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа агентлагууд, Монголын ахмадын холбоо, нийслэл, дүүргийн ахмадын хороод, аж ахуй нэгж байгууллагын ахмадын хороо, зөвлөл, Геронтологийн үндэсний төв зэрэг 20 орчим байгууллагууд оролцож, ахмад настнуудад төрөл бүрийн үйлчилгээ үзүүллээ.

Хөдөлмөрч, бүтээлч ахмад настнууд өдөрлөгийн үеэр өөрсдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ олон нийтэд танилцуулж, худалдан борлуулахаас гадна туршлага солилцож, хамтран ажиллах талаараа ярилцлаа.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар, Монголын ахмадын холбооны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар, дэд ерөнхийлөгч П.Бямбацэрэн нар ахмад настнуудын бүтээлтэй танилцаж, боломж нөхцлөө дайчлан жижиг, дунд үйлдвэрлэл эрхэлж байгаад нь чин сэтгэлийн талархал илэрхийлж, амжилт хүсэв.

Мөн өдөрлөгийн үеэр Геронтологийн үндэсний төвийнхөн эрүүл мэндийн үзлэг, онолшлогоо хийж, зөвлөгөө өглөө.

Уг өдөрлөгт Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Герентологийн үндэсний төв зэрэг төрийн байгууллагуудын үйл ажиллагааг нэг дор олон нийтэд танилцуулж, зөвлөгөө мэдээлэл өгч, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих цахим картыг сунгах зэрэг хэрэгцээтэй мэдээлэл, зөвлөгөө өгч, үйлчилгээ үзүүлсэнд өдөрлөгт хамрагдсан ахмадууд талархаж байлаа.

“Нээлттэй өдөрлөг”-ийн үеэр ахмадууд зориулсан урлаг, соёлын арга хэмжээ, хүндэтгэлийн үйл ажиллагааг ч мөн зохион байгуулав.















Эх сурвалж: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
Related news