Б.Бат-Эрдэнэ: Цэнгэг усны нөөц, гол мөрний урсац бүрэлдэх эхийн 55 хувийг УТХ-д авах зорилготой

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2022-10-03 09:46:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зүүн Азийн орнуудын шим мандлын нөөц газруудын сүлжээний 16 дугаар хурал Кемпински Хаан палас зочид буудалд болж байна.


Хоёр жилд нэг удаа болдог энэ хурал цар тахлын улмаас 4 жил завсарлажээ. Цар тахлын үед шим мандлын нөөцөүүдийг хэрхэн хамгаалж, ямар үр дүн гаргасан, ахиц гаргасан тухай хэлэлцэнэ. Шим мандлын нөөц газруудад өнөөдөр 134 орны 738 газар бүртгэгдээс байгаагаас 8 нь Монгол Улсад бүртгэгдээд байгаа.


Хүрээлэн буй орчин, түүний нөөцийг хайрлан хамгаалах талаар эртний уламжлалтай, байгалиа харьцангуй унаган төрхөөр нь хадгалж, нүүдлийн соёл иргэншлээ одоо болтол тээж яваа цөөн орны нэг нь Монгол гэдгийг БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ хурлыг нээж хэлсэн үгэндээ онцлов.

Тэрбээр, “Түргэн тархацтай даяаршиж буй дэлхий ертөнцөд билогийн олон янз байдлыг хамгаалах нь хүн төрөлхтний чухал асуудлын нэг. Монгол Улсын “Алсын хараа 2050 хөгжлийн бодлогод тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөтгөн, 2030 онд газар нутгийн 30 хувьд, ТХГН-ын сүлжээг нийт газар нутгийн 25 хувьд хүргэж, цэнгэг усны нөөц, гол мөрний урсац бүрэлдэх эхийн 55 хувийг улсын тусгай хамгаалалтад авах бодлогын хүрээнд баримт бичгийн зорилтыг тодорхойлсон. Мөн “Нэг тэрбум мод хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Ингэхдээ нийт газар нутгийн 21 хувь, түүний дотор шим мандлын газар нутгийн 6.7 сая гаруй га талбайг хамран хэрэгжүүлэх юм” гэдгийг тэмдэглэлээ. 



Дэлхийн Хүн ба Шим мандлын нөөц газруудын сүлжээний Бээжин дэх төлөөлөгчийн газрын захирал Шахбаз Ханшим “Энэ удаагийн хурлаар биологийн нөөц газруудыг хэрхэн хамгаалах талаар санал солилцоно. 2 жилийн дараах уулзалтыг БНХАУ-д зохион байгуулна. Энэ үеэр сүлжээний 30 жилийн ой тэмдэглэх юм. ЮНЕСКО-гийн Монгол дахь комисс нөөц газруудын тухай маш чухал ном хэвлүүлсэн байна. Цаашид дэлхийн нөөц газруудын сүлжээнд загвар болох шилдэг санааг оруулах хэрэгтэй. Төр хувийн хэвшлийн түншлэл байгуулснаар тогтвортой хөгжлийн төлөө олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлнэ гэж итгэж байна” хэмээв.



ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын ерөнхий нарийн бичгийн дарга С.Болдсайхан ярихдаа, -Монголд шим мандлын газруудыг хөгжүүлэх, Хөвсгөл нуурын бүсийг бусад газар загвар бий болгохыг зорьж, шинэ санал санаачилга гарган, тогтвортой хөгжлийн зорилгоод хүрэхээр хичээж байна. Уулзалтаар цар тахлын дараа шим мандлын газраа яаж хөгжүүлж хамгаалах туршлага солилцох, нийтлэг сорилтыг хэрхэн даван туулах, санал солилцох боломж олдож байгаад баяртай байна гэсэн юм. Үүний дараа Увс болон Хөвсгөл нуурыг ЮНЕСКО-д бүртгүүлсэн батламж гардууллаа.


Монгол Улс 1990-2007 онд Дэлхийн Хүн ба Шим мандлын нөөцөд 6 газрыг бүртгүүлсэн бол цар тахлын үед Тосон хулстайн Байгалийн нөөц газар, Хөвсгөл нуурийг бүртгүүлжээ. Мөн Монгол Улс болон ОХУ нь Увс нуурын шим мандлын нөөц газрыг ЮНЕСКО-гийн хил дамнасан шим мандлын нөөц газарт бүртгэн баталгаажуулсан байна. Монгол Улс тус хөтөлбөр хэрэгжүүлэхэд идэвхтэй оролцдог бөгөөд хамгийн анх Говийн их дархан цаазат газрыг 1991 онд бүртгүүлж байжээ. Удалгүй Богдхан уулыг 1996 онд, Увс нуурын ай сав газрыг 1997 онд, Хустайн нурууны БЦГ-ыг 1996 онд, Дорнод Монголын дархан цаазат газрыг 2005 онд, Монгол Дагуурын дархан цаазат газрыг 2007 онд, Тосон Хулстайн байгалийн нөөц газрыг 2020 онд, Хөвсгөл нуурыг 2022 онд Хүн ба Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд бүртгүүлжээ. Энэ онд Онон балжийн байгалийн цогбцолборт газрыг тус сүлжээнд бүртгүүлэхээр Хүн ба шим мандлын хөтөлбөрийн нарийн бичгийн дагрга нарт хүргүүлсэн аж.



Зүүн Азийн орнуудын шим мандлын нөөц газруудын сүлжээний хурал 2 жилд нэг удаа болдог бөгөөд тус сүлжээний ээлжит хурлуудыг 1997, 2003, 2007, 2013 онуудад тус тус Монгол Улсад зохион байгуулж байсан юм. Хуралд 4 улсын 17 өндөр дээд хэмжээний зочин ирж оролцож байна. 

Related news