Монгол, Францын хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагааны шинэ хуудас нээлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2022-10-05 09:40:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Европын холбооны улс долоо хоног эрчимжсэн мал аж ахуй, хөдөө аж ахуйн салбарын техник технологийн ололт дэвшил, ирээдүйн чиг хандлагыг хэлэлцэн, туршлага солилцох “Del`Elevage -2022” үзэсгэлэн болж байна. 


Зохион байгуулагчид Монгол Улсыг “Хүндэт зочин орон”-оор урин оролцуулжээ. 1992 оноос хойш тасралтгүй зохион байгуулж буй дээрх Европ тивийн мал аж ахуйн тэргүүлэх олон улсын үзэсгэлэн 31 дэх жилээ болж байгааЭнэ оны 10 дугаар сарын 4-7-нд Франц улсын хөдөө аж ахуйн төв бүс нутаг болох Клермон Ферран хотод болж буй тус үзэсгэлэнд 60 гаруй орны 100 мянга гаруй зочин, төлөөлөгч, Монгол Улсаас ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун тэргүүтэй төр, хувийн хэвшлийн 30 гаруй төлөөлөгч оролцож байна.


Европ тивийн мал аж ахуйн үзэсгэлэнгийн нээлтийн өдөр талбайн төв цэгт барьсан монгол гэрт Монголын ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун, Франц улсын Хөдөө аж ахуй, хүнсний яамны сайд Марк Фено хоёр орны ХХААЯ хоорондын хамтын ажиллагааны санамж бичгийг шинэчлэн байгуулснаар үйл ажиллагаа албан ёсоор эхэлжээ.  Тус санамж бичигт Монголын тал дараах 6 асуудлыг  тусгасан байна.

Тодруулбал, эрчимжсэн мал аж ахуйн чиглэлд техник технологийн шинэчлэлийг нэвтрүүлэх, төрөл бүрийн сургалтыг хамтран зохион байгуулах, Монгол малын генетик нөөцийг үнэлэх, тодорхойлохыг дэмжих, мал, амьтны гоц халдварт өвчнөөс сэргийлэх вакцин үйлдвэрлэлийн шугамыг Монголд нэвтрүүлэх, малын эрүүл бүс бий болгоход хамтран ажиллах, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх санал тавьсныг ХХААХҮЯ мэдээллээ.



Харин Францын Хөдөө аж ахуй, хүнсний яамны сайд хэлэхдээ “Манай 2 улсын хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагаанд шинэ хуудас нээж байгаад баяртай байна. Таны тавьсан хамтын ажиллагааны саналыг дэмжиж, хамтран ажиллана. Манай хоёр орны хамтын ажиллагааны нэг чухал зүйл нь газар зүйн заалт. Энэ чиглэлд Франц улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд, Монгол Улсаас Франц улсад суугаа Элчин сайд нар идэвхтэй хамтран ажиллаж байгааг тэмдэглэхийг хүсэж байна. Монголын олон бүтээгдэхүүн газар зүйн заалтад бүртгүүлснээр Европын холбоо руу экспортлох боломжтой болох ач холбогдолтой” хэмээв. 

Мөн тэрбээр Монгол Улс өргөн уудам нутагтай. Монгол орон энэ давуу талаа ашиглан бэлчээрийн малаа эрчимжүүлэн хөгжүүлэх нь чухал. Бидний хамтын ажиллагаа улам өргөжих таатай боломж үүгээр нээгдэж байгааг дахин онцолжээ. 



Related news