Б.Жавхлан: 800 тэрбум төгрөгийн өр төлсөн байгааг оны эцэст 1 их наядад хүргэх зорилготой

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2022-10-05 13:54:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнгөрсөн нэг сарын хугацаанд Хөгжлийн банканд 140-өөд тэрбум төгрөгийн чанаргүй зээлийг бэлэн мөнгөөр барагдуулжээ.


Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдааны дараа мэдээлэхдээ “140 тэрбум төгрөг төлөхөд “Эрдэнэс Тавантолгой” компаниас эхний ээлжинд 117.3 тэрбум төлсөн. Тус компаниас нийт 160-аад тэрбум төгрөгийн зээл төлөх ёстой. Үлдсэн 43 тэрбум төгрөгийг он гараад эхний улиралд багтааж төлөхөөр 2 тал ойлголцсон. Он гарснаас хойш нийтдээ чанаргүй зээлийг 800 тэрбум төгрөгөөр барагдуулсан. Энэ хэмжээгээр тус банкны тэнцэл сайжирч, ирэх жил төлөх ёстой 2 бондын эрсдэл ч багасаж байна” гэв. 


Мөн МИАТ компани зээлийн үлдэгдэл 10 тэрбум төгрөгөө бүрэн төлж дуусгаснаар Хөгжлийн банканд өргүй болжээ. ТОСК, НОСК нийлээд 1 тэрбум гаруй төгрөгийг төлж барагдуулсан байна. Засгийн газар “Хөтөл цемент”, “Эрэл” компанийн чанаргүй зээл, өмнө танилцуулж байсан “Шинэ яармаг хороолол”-ын чанаргүй зээлийг барагдуулахад хүч тавьж байгаа аж.


Сангийн сайд ярихдаа, “Өр барагдуулахад хүчний байгууллага, АТГ хамтарч, ойрын хугацаанд бодит үр дүн гаргахыг зорьж байна. Одоогоор 800 тэрбум төгрөгийн өр төлсөн байгааг оны эцэст нэг их наяд төгрөг хүргэх зорилготой. “Эрэл” компанийн зээлд албадлагын арга хэмжээ авах, өмчийг нь хураах зэрэг хууль хүчний байгууллагатай хамтарсан ажил хийнэ. “Хөтөл цемент”-ийн хувьд үйл ажиллагаа нь үргэлжилж, зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлж багаа. Тус компани дотоод үйл ажиллагаагаа санхүүжүүлэх нэлээд ачаалалтай ажилладаг. Энэ дундуур зээл төлөхөд үйл ажиллагаа нь доголдох, зогсох эрсдэлтэй тул ажлын хэсэг хэд хэдэн хувилбараар ажиллаж байна. Дараа тодорхой мэдээлэл өгнө” гэлээ. 

Related news