ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ: Арвайн тариалан эрхлэгчдэд дэмжлэг хэрэгтэй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2022-10-10 08:57:14

Булган /МОНЦАМЭ/ Булган аймаг үр тариа, төмс, сүүгээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж байгаа гэсэн тооцоо бий. Түүний дотроос арвайн гурил гэсэн нэгэн хүнс хүн амын хүнсний болоод эрүүл мэндийн хэрэгцээт нэгэн бүтээгдэхүүн болжээ. Аймгийн брэнд бүтээгдэхүүн айраг. “Айргаас өөр” гэвэл арвайн гурил байна гэдэг.




Монголчууд хүнсэндээ амуу тариаг их эртнээс хэрэглэж ирсэн түүхтэй. Тэр тусмаа будаа тарианы өлгий гэгддэг Булганхангайд тариа тарьж хүнсэндээ хэрэглэж байсны ул мөр археологичдын судалгаагаар нотлогдсон. Эдүгээгээс нэгэн мянган жилийн өмнө үр тариа нөөцлөн хүнсэндээ хэрэглэж байсан ул мөр Чин толгойн балгас буюу Чжэнь Чжоу хотын туурийн малтлагаас гарсныг эрдэмтэд “тариалж байсан сортын үр тариа” хэмээн дүгнэсэн нь бий.

Арвай будаа хүнс хомсдоход “аминд ордог” хүнс шиг. Зах зээлийн эхэн үед гурил ховордоход арвайгаа хуурч чулуун тээрмээр тээрэмдэж аяганы хийц болгож байснаас зарим нутагт хүнсээр тасраагүй. Тэр үеэс л зарим тариаланчид арвай тариалж, үйлдвэрлэл эрхлэх нь хүн амын хүнсний хангамжид нөлөөтэйгээр барахгүй, орон нутгийн тогтвортой хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн нэг гэж үзжээ. Тэдний нэг “Гурван борхууд” ХХК-ийн хамт олон.


Зургаан кг үрээс эхэлсэн Хантайн арвайн тариалан


Гурван борхууд” компани нийтдээ улаанбуудайн тариалалтаараа 25 жил ажиллаж байна. Үүнээс 15 жилд нь халтар арвай үйлдвэрлэл, тариалалтыг эрхлэн явуулж байна. Анх 6,0 кг-аас үрээ үржүүлээд одоо 500 га талбайд тариалах хэмжээний үртэй болсон. Өөрсдийн бий болгосон үрээр тариалалт хийж, гурил үйлдвэрлэж байна. Нийтдээ 20 гаруй хүнийг ажлын байраар тогтмол хангаж ажиллаж байна.

Манай ажилчдын гол давуу тал тогтвор суурьшилтай ажилладаг. Ажиллагсдын тоо олон байгаа учир үндсэн үйлдвэрлэлййн хэмжээг алдахгүй, бүтээгдэхүүний чанар стандартыг сайн хангаж ажиллладаг гэж компанийн захирал Г.Баасансүрэн ярьсан юм.


Хантайн халтар арвайн гурил давуу талууд ихтэй. Үнэрээрээ, амтаараа онцлогтой. Тийм учраас эрэлт хэрэгцээ, борлуулалт өндөр байдаг гэж тус компанийхан үздэг. Улаанбаатар хот, Орхон, Хөвсгөл, Дархан-Уул, Сэлэнгэ, Архангай аймгийн зах зээлд “Хантайн арвайн гурил” гэж танигдсан бүтээгдэхүүн болжээ.

Тус компани арвайн гурил хийж эхэлсэн цагаасаа хойш цайны үйлдвэрлэл эрхэлдэг компаниудаас захиалга авчээ. Хийцтэй цайны үндсэн түүхий эд халтар арвайн гурил болжээ. Хөвсгөл аймгийн “Баавар цай”-ны орцод Хантай нутгийн халтар арвайн гурил багтдаг байна. Мөн Улаанбаатар хотын “Хаан цай”, “Хатан цай”-ны үйлдвэрлэгчид үндсэн түүхий эдээ энэ компаниас авдаг болжээ. Мөн нарийн боовны цехүүд арвайн гурил авч шанз хийж байгаа учир сүүлийн үед борлуулалт хамгийн сайн бүтээгдэхүүн болж байгаа гэж компанийн захирал тайлбарлалаа.

Сүүлийн үед арвайн гурил артерийн даралт, цусан дахь сахарын хэмжээг бууруулах, биеийн жинг тогтвортой байлгах, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг зохицуулах, цөсний чулуу үүсэхээс сэргийлэх, цусан дахь холестериныг хэвийн түвшинд байлгах, бүдүүн гэдэсний өвчин, хавдар үүсэхээс сэргийлэх ашиг тустай учраас өдөр бүр хэрэглэж эрүүл мэндээ хамгаалахыг эмч нар зөвлөж байна. 


Арвайн тариалан эрхлэгчдэд дэмжлэг хэрэгтэй байна


Хутаг-Өндөр сумын “Гурван борхууд” ХХК жилийн турш үйлдвэрлэлээ явуулж, 100 гаруй тонн арвайн гурил зах зээлд нийлүүлдэг. Мөн жилдээ 70-80 тонн халтар арвай борлуулдаг. Нийт жилдээ 450-500-гаад тонн арвай хураан авч бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Энэ нь аймгийн хэмжээний арвайн ургацын 90,0 гаруй хувийг хураан авдаг гэсэн үг юм.



Булган аймагт албан ёсны статистикийн мэдээллээр сүүлийн жилүүдэд арвай тариалж, хураан авсан ургацын хэмжээ тогтмол өсөх хандлагатай байна. Аймгийн хэмжээгээр 2017 онд 53,4, 2018 онд 178, 2019 онд 183 тонн арвай хураан авч байжээ. Зөвхөн 2020 онд 212 тонн арвай хураан авсны 80,0 хувийг Хутаг-Өндөр сумын тариаланчид хураасан аж. Сүүлийн хоёр жилд бүрэн бус мэдээллээр тогтмол 320 га талбайд арвай тариалж байгаа мэдээ байна.

Арвай тариалж, үйлдвэрлэл эрхэлж байгаа хүмүүст төрөөс ямар нэгэн дэмжлэг үзүүлдэггүй гэж энэ салбарын үйлдвэрлэл эрхлэгчид ярьж байна. Хаврын тариалалт, намрын ургац хураалтад тариалан эрхлэгчдийг дэмжих сангаас улаанбуудай тариалдаг аж ахуйн нэгж, иргэдэд дэмжлэг үзүүлдэг хэрнээ арвай тариалагчдыг “алаг үзэж” хөнгөлөлттэй зээл, урьдчилгаа олгох тусламжийн гараа сунгадаггүй аж.

      “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний “Хүнсний хувьсгал”-ын зорилготой уялдуулан арвай тариаланчид, арвайн гурил үйлдвэрлэгчийг зээл дэмжлэгээр хангах, орчин үеийн сав баглаа боодлын үйлдвэрлэл хөгжүүлэх, тоног төхөөрөмжийн шинэчлэл хийх боломжийг нэмэгдүүлэх төрийн бодлого шаардлагатай байна гэж үйлдвэрлэл эрхлэгчид ярьж байна.

         Өсөн үржиж урган арвиждаг арвайн үйлдвэрлэлээ нэмэгдүүлж, дотоодын хэрэгцээг хангах, гадаад зах зээлд Монголын органик нэгэн бүтээгдэхүүнийг гаргах нэгэн боломж байна. Арвайн ургацаа арвижуулбал аяганы хийц нэмэгдэнэ.

Related news