БАЯН-ӨЛГИЙ: Төв номын сан эрдэмтэн зохиолч Х.Исламын нэрэмжит танхимтай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-10-06 09:46:46

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Төв номын сангийн нэг уншлагын танхимыг Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, түүхийн шинжлэх ухааны доктор, профeссор, зохиолч Х.Исламын нэрэмжит болголоо.


Танхимын нээлт энэ сарын 5-ны өдөр болж, эрдэмтний гэр бүл, үр хүүхдүүд, зохиолчид, уншигчдын төлөөлөл оролцлоо.

Түүнчлэн уншлагын танхимд эрдэмтэн зохиолчийн өөрийн хувийн архив дахь номууд болон бүтээлийн цуглуулгаас нь хадгалуулав.


Х.Ислам нь 1940 онд тус аймгийн Булган сумд төрсөн. Баян-Өлгий аймгийн хэвлэх үйлдвэрт редактор, "Үнэн" сонин, МОНЦАМЭ агентлаг, Радио, телевизийн орон нутаг дах сурвалжлагч, Шинжлэх ухааны академид эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж байжээ.


1978 онд "МАХН, Ардын төрөөс казах, урианхайн дунд хэрэгжүүлсэн хувьсгалт ардчилсан өөрчлөлт" сэдвээр түүхийн ухааны дэд эрдэмтэн, 1940 онд "Алтайн ар, өврийн казахуудын түүх" сэдвээр түүхийн шинжлэх ухааны докторын зэргийг тус тус хамгаалсан.


Тэрээр "Казахуудын түүх", "Керей аймгийн түүхэн тэмдэглэл", "Түрэг, Монголын ард түмний түүх, гарваль", "Казах түмэн" зэрэг судалгааны бүтээлүүд, "Агарын алдарт Кыран", "Меруерт бүсгүй", "Цагаан шонхор", "Хязгаар нутгийн бүсгүй" тууж, "Үүрдийн заяа" роман, "Гулжан", "Өнөр бүл" зэрэг жүжиг бичиж олны хүртээл болгож байсан ажээ. 

Related news