ГОВЬ-АЛТАЙ: Хүчирхийллийн хохирогч болон үйлдэгчдэд сэтгэл заслын тусламж үзүүлэх сургалт болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-10-07 11:20:50

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгээр “Хүчирхийллийн хохирогч болон хүчирхийлэл үйлдэгчдэд сэтгэл заслын тусламж үйлчилгээ үзүүлэх арга техник” сэдэвт сургалтыг Алтай хотноо зохион байгуулж байна. 


Щвейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүн амын сан хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь” төслийн хүрээнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгчдэд хүчирхийллийн талаар мэдээлэл өгөх, хүчирхийллийн хохирогч төдийгүй хүчирхийлэл үйлдэгчдэд хэрхэн тусламж үйлчилгээ үзүүлэх, урьдчилан сэргийлэх талаар хуулийн болоод эрүүл мэндийн мэдлэгийг сайжруулах зорилгоор энэхүү сургалтыг зохион байгуулж байна.


Сургалт хоёр хоног үргэлжлэх бөгөөд тус аймгийн 18 сум, 2 тосгоны Эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд оролцож байна. Тэд өнөөдөр хүний эрх, жендэрийн тухай ойлголт, Гэр бүлийн хүчирхийлэл, түүний хэлбэрүүд, хохирогчийг хамгаалах тогтолцоо, хохирогч хүүхдэд сэтгэл зүйн тусламж үзүүлэх, тэдэнд зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгүүд мөн  хүчирхийлэл үйлдэгч хүүхдийн сэтгэл зүй гэх мэт сэдвийн хүрээнд мэдлэг мэдээлэл авах аж. Харин сургалтын сүүлийн өдөр хүчирхийлэлд өртсөн насанд хүрэгчдийн сэтгэл зүй, сэтгэцийн эмгэгийн талаар суралцана хэмээн Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн сургагч багш нар танилцуулсан юм.


Related news