ГОВЬ-АЛТАЙ: Төрийн албан хаагчдын эх хэл, албан хэрэг хөтлөлтийг дээшлүүлэх аян өрнөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-10-14 15:45:57

Говь-Алтай  /МОНЦАМЭ/. Төрийн албан хаагчдын эх хэл, архив, албан хэрэг хөтлөлтийн мэдлэг чадварыг дээшлүүлэх аян өрнөж байна.


Монгол хэлний тухай хууль, Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 25 дугаар зарлигийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд аймгийн Засаг даргын 2022 оны А/578 дугаар захирамжаар 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс  11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл “Эх хэлний зохистой хэрэглээг дэмжих” 2 сарын аяныг зохион байгуулахаар баталсан. 


Аяны хүрээнд тус аймгийн Ерөнхий боловсролын сургуулиудын Монгол хэл, уран зохиолын багш нар зөв бичгийн дүрэм, баримт бичгийн найруулга зүй, Хууль, эрх зүйн хэлтсийн Архивын тасгийн ажилтнууд, сумдын ЗДТГ-ын архив, бичиг хэргийн ажилтнууд архив, албан хэрэг хөтлөлтийн хууль тогтоомжийн талаар хуваарийн дагуу байгууллагуудын албан хаагчдад  сургалт явуулж байна.


Сургалтаар заасан сэдвийн дагуу албан хаагчдаас сорилын шалгалт авах, сум, байгууллагууд албан хаагчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх талаар зохион байгуулсан ажил зэргийг үндэслэн  байр эзлүүлж дүгнэн шагнаж урамшуулах юм.


Аяныг зохион байгуулж дүгнэснээр төрийн албан хаагчдын эх хэл, баримт бичиг зохион бүрдүүлэх, боловсруулах, зөв бичгийн дүрэм, найруулга зүйн мэдлэг чадвар дээшилж, баримт бичиг зохион бүрдүүлэх, байгууллагын албан хэрэг хөтлөлт, архивын ажил сайжрах  үр дүнтэй юм.


Одоогийн байдлаар 85 байгууллагын 430 албан хаагчдад зөв бичгийн дүрэм, найруулга зүй, архив, албан хэрэг хөтлөлтийн хууль тогтоомжийн талаар сургалт явуулаад байна хэмээн Говь-Алтай аймгийн ЗДТГ-аас танилцууллаа.

Related news