ХОВД: Иргэдэд 400 гаруй шинэ ажлын байр санал болголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-10-14 16:53:45

Ховд /МОНЦАМЭ/. “Халамжаас-Хөдөлмөрт” бодлогын хүрээнд өнөөдөр “Ховд-Ажлын байр” сэдэвт хөдөлмөрийн яармаг зохион байгуулж байна.


Ховд аймгийн  Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын мэдээллийн нэгдсэн санд ажил идэвхтэй хайж байгаа 1325 иргэн бүртгэлтэй байна. Үүнээс гадна мэдээллийн нэгдсэн санд бүртгүүлээгүй ч ажил хайж буй иргэд олон бий.

Иймээс орон нутгийнхаа ажил хайгч иргэн, оюутан, залууст  хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг нэг цэгээс хүргэх, ажлын сул орон тоонд бүртгэх, цаашлаад иргэдэд сонирхсон ажлаа хийх боломж бүрдүүлэх зорилтын дагуу тус хөдөлмөрийн яармаг өрнөж буй.

Одоо ажил олгогч, ажил хайгчдад зориулсан сургалт, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөх үйлчилгээ, сул чөлөөтэй ажлын байрны зуучлал, ажлын байрны танилцуулга хийж байгаа бөгөөд төрийн болон хувийн хэвшлийн байгууллагад сул байгаа 400 гаруй ажлын байрыг иргэдэд санал болгож, шинэ ажлын байртай болох боломжийг нээлттэй олгож байна.

Иргэд сонирхсон байгууллага, ажил, мэргэжлийнхээ дагуу анкет бөглөх, ярилцлага өгөх зэргээр тодорхой шаардлагад нийцвэл шууд ажилд орох юм. 

Ховд аймгийн ЗДТГ, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газраас санаачилж, төр, хувийн хэвшлийн байгууллагын хамтын оролцоотой хэрэгжүүлж байгаа энэхүү хөдөлмөрийн яармагт  ажил олгогчдын төлөөлөл болон ажилгүй иргэд, оролцоо төслийн оролцогчид, оюутан, сурагчид өргөнөөр иржээ.      


                                            Он гарсаар 496 шинэ ажлын байр бий болжээ  


Ховд аймаг жил бүр ажлын байр шинээр гаргах зорилт дэвшүүлдэг. Он гарсаар буюу 2022 оны эхний 9 сарын байдлаар нийт 1046 ажил олгогчоос шинэ ажлын байрны захиалга иржээ. 

Улмаар
 940 хүнийг байнгын болон түр, улирлын чанартай ажлын байранд зуучилсан байна. Мөн он гарсаар 496 шинэ ажлын байр бий болсон. Ихэнх ажлын байр нь барилга, дэд бүтэц, хөдөө аж ахуйн салбарт гарч байгаа гэж албаныхан хэллээ.  

Related news