ГОВЬ-АЛТАЙ: Аюулгүйн нөөцийн хадлан бэлтгэх ажилд 90 орчим сая төгрөгийг хэмнэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-10-18 11:19:41

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Аймгийн аюулгүйн нөөцөд шаардлагатай өвс, тэжээлийг бүрдүүлэх зорилгоор аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар өнгөрсөн сараас эхлэн холбогдох албаны төлөөллийн хамтаар Дархан-Уул аймагт ажилласан.


Монгол Улсын Засгийн газрын 277 дугаар тогтоолын хүрээнд Хөдөө аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл хангах тухай аймгийн Засаг даргын А/395 дугаар захирамжаар ажлын баг байгуулан 57 заалт бүхий төлөвлөгөөг боловсруулан хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Тус ажлын хүрээнд аймгийн аюулгүйн нөөцөд өвс 200 тн, тэжээл 50 тн, сумдын аюулгүйн нөөцөд өвс 50 тн, тэжээл 30 тн-оос доошгүйг бэлтгэх, иргэд малчдыг нэмэлт өвс тэжээл бэлтгэх үүрэг чиглэл өгчээ.


Энэхүү ажлын хүрээнд Говь-Алтай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Техник дундын үйлчилгээнд нийлүүлсэн трактор, техник тоног төхөөрөмжөөс ашиглан аймгийн аюулгүйн нөөцөө бүрдүүлж эхэлжээ. Ингэхдээ шаардлагатай 200 тн өвсний 100 тн-ыг Дархан-Уул аймагт хадлан бэлтгэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Баялаг ургац” ХХК-тай нийт дөрвөн төрлийн трактор, техник тоног төхөөрөмжийг ашиглуулах гэрээ байгуулан аюулгүйн нөөцийг бүрдүүлэх ажлыг амжилттай зохион байгуулсан тухай тус аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.


Тухайлбал, Аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар Дархан-Уул аймагт ажиллаж, “Баялаг ургац” ХХК-тай Хүнс, хөдөө аж ахуйн газрын Техник дундын үйлчилгээнд нийлүүлсэн трактор, техник тоног төхөөрөмжөөс ашиглуулах гэрээ байгуулсны үндсэн дээр өвс, тэжээлийн аюулгүй нөөцөө зах зээлийн үнээс 50 хувийн хямд өртгөөр бэлтгэжээ. Ингэснээр өвс тэжээл татан төвлөрүүлэх ажилд 90 орчим сая төгрөгийг хэмнэсэн байна. Өнөөдрийн байдлаар төвийн бүс болон зүүн аймгуудаас баруун аймагт тээвэрлэн ирж буй тэжээлийн ногоон өвс нэг боодол нь 17.000, байгалийн хадлан 15.000 төгрөгийн үнэтэй байгаа аж.

Аравдугаар сарын 18-нд Дархан-Уул аймгаас бэлтгэсэн 10.000 боодол өвс буюу 10 шланз өвсийг Говь-Алтай аймагт тээвэрлэн ирлээ хэмээн холбогдох албанаас танилцууллаа.


Related news