ХОВД: Сумын ИТХ-ын төлөөлөгчдийг чадавхжуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-10-26 11:04:53

Ховд /МОНЦАМЭ/.  Ховд аймгийн 17 сумын ИТХ-ын Төлөөлөгчдийг чадавхжуулах сургалтыг үе шаттай зохион байгуулж байна. 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг, дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсонтой холбогдуулан  тус аймгийн ИТХ-ын Ажлын албанаас дээрх ажлыг хэрэгжүүлж эхэлжээ.  

Энэ удаа (2022.10.25-нд) Мөнххайрхан сумын ИТХ-ын Төлөөлөгчдийг чадавхжуулж, шинэ мэдлэг олгох зорилго бүхий сургалт зохион байгууллаа.

Сургалтын  хүрээнд  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, орон нутгийн төсвийн удирдлага, хүүхэд хамгааллын үйлчилгээний талаар холбогдох салбарын мэргэжилтнүүд илтгэл танилцууллаа.

Мөн гэр бүлийн хүчирхийлэл, авлига ашиг сонирхлын зөрчил, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар хэлэлцсэн байна. Төлөөлөгчдийг чадавхжуулах сургалтад хамруулснаар хууль тогтоомжийн талаарх мэдлэгээ дээшлүүлэх, сум орон нутгийн бодлого тодорхойлох, төсөв батлах үйл явцад үр дүнтэй оролцох боломж нээгдэх юм.  

 

 

Related news