ХОВД: Булган сумын сурагчид хүнд цүнхнээс татгалзаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-10-31 13:02:41

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Булган сумын нэгдүгээр сургуулийн Амжилтын солонго баг нь “Сурагчийн шүүгээ” төсөл хэрэгжүүлж байна.

Уг төслийг сургуулийнхаа нийт сурагчдад тулгарч байгаа асуудлыг шийдвэрлэх, сурагчдын эрүүл мэндийг хамгаалах зорилгоор эхэлжээ.


Булган сум нийтийн тээвэргүй тул сурагчдын 25-30 хувь нь хичээлдээ явахдаа 2.5-4.5 км зайнаас алхдаг.  Стандартад зааснаар 14-18 насны хүүхдийн үүрэх ёстой цүнхний жин 4 кг.

Гэвч өдгөө сурагчдын цүнх ойролцоогоор 5-7 кг жинтэй байна. Хүнд жинтэй цүнх нурууны дискийг байнга дарж, ирээдүйд нурууны суулт өвчтэй болох эрсдэлтэй гэж судалгаагаар тодорхойлжээ.   


Иймээс уг асуудлыг шийдэхээр “Сурагчийн шүүгээ” төсөл бичсэн. Сурагчдад шүүгээг жилийн хугацаатай бага мөнгөөр түрээсэлж, орлогоороо тоог нь нэмснээр сурагчдыг бүгд өөр өөрийн шүүгээтэй болгох зорилготой. Одоогийн байдлаар 90 шүүгээ авч, сургуулийн дотор орчинд байршуулсан бөгөөд бүгд эзэнтэй болсон гэж Амжилтын солонго багийн гишүүд танилцууллаа.

Сурагчдад шүүгээ их хэрэгтэй байдаг. Ялангуяа ахлах ангийнхан өдөрт 5-6 цагийн хичээлтэй. Биеийн тамирын хичээл орвол бэлтгэлийн хувцас, пүүзээ цүнхэнд нэмж хийх, эсвэл тусдаа уутанд хийгээд барьж явдаг байсан.


Одоо сурагчдын зарим нь сургалтын үйл ажиллагаанд хэрэгцээтэй ном, сурах бичиг, хувцас, бусад зүйлсээ шүүгээнд хадгалж, хүнд цүнхнээс татгалзсан байна. Ингэснээр нурууны өвчнөөс сэргийлэх, цүнхээ хөнгөлөх боломж нээгджээ.  


Булган сумын ерөнхий боловсролын Нэгдүгээр сургууль 1000 гаруй сурагчтай. Цаашид бүх сурагчийг шүүгээтэй болгох зорилт дэвшүүлсэн байна.

Одоогоор шүүгээг жилд 10 мянган төгрөгөөр түрээслэдэг. Ихэвчлэн ахлах ангийн сурагчид үйлчлүүлж байгаа.  

Тус сургуулийн нийт сурагчдад шүүгээ хүрэлцээтэй болчихвол түрээсийн орлого, санхүүжилтийг сургуулийнхаа бусад тохижилтод ашиглана. Цаашид бусад сурагчид \доод ангийн дүү нар\ төслийн үйл ажиллагааг залгамжлаад шүүгээг хариуцаад явна гэж “Амжилтын солонго” багийн гишүүн Э.Анужин онцоллоо. 

Ховд аймгийн Булган сумын “Амжилтын солонго” багийн хэрэгжүүлж байгаа “Сурагчийн шүүгээ” төслийг Хүүхдийг ивээх сангаас дэмжиж,  “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершипийн боловсрол олгох төсөл”-ийн хүрээнд сургалтаар чадавхжуулж, санхүүжилт өгчээ.  


Related news