ТӨВ: Э.Ану-Үжин: Орон нутгийн хэмжээнд сэтгэл зүйн боловсрол авах үйлчилгээний талаарх ойлголтын зөрүү их байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2022-11-03 11:26:28

Төв / МОНЦАМЭ/ Шинэ сэргэлтийн бодлогын "NextGen" буюу "Дараагийн үе" 21 аймаг, 9 дүүргийн шилдэг төсөл шалгаруулах уралдаанд Төв аймгийн Шинэ давалгаа баг шилдэг багаар тодров. Тус төслийн ахлагч, “Гэрэлт ирээдүй” сэтгэл судлалын төвийн захирал, өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйч Э.Ану-Үжинтэй ярилцлаа.



Уг  төслийг "Өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйг дэмжих, асран хамгаалагчдын харилцаа хандлагад эерэг нөлөөллийг бий болгох сэтгэл зүйн цогц үйлчилгээ" сэдвээр бичиж хорин сая төгрөгийн санхүүжилт авах эрхтэй болсон. Энэхүү төсөл нь Төв аймгийн Зуунмод сумын ахлах ангийнханд сэтгэл зүйн тусламж үйлчилгээг тэгш хүртээмжтэй үзүүлэхэд чиглэх бөгөөд цаашид аймгийнхаа 26 сумын ахлах ангийнханд хүрээгээ тэлэх аж.

 

Сэтгэлзүйч мэргэжилтэй 23 настай Ану-Үжин байна. Миний хувьд "Гэрэлт ирээдүй"
сэтгэл судлалын хүрээлэнг үүсгэн байгуулж, өсвөр насны хүүхдийн төлөө сэтгэл зүйн боловсрол олгохоор хүүхэд, асран хамгаалагчдад үйлчилгээ үзүүлж байна

.

-Энэхүү төслийг анх бичих болсон шалтгаан нөхцөл юу байсан бэ? Мөн төслийн хамрах хүрээний талаар?

-Хамгийн анх хэд хэдэн төсөл биччихээд, санхүүжүүлэх байгууллага хайж явж байгаагаа Төв аймгийн Залуучуудын хөгжлийн зөвлөлийн дарга Г.Тэмүүжинд танилцуулж байсан юм. Тэр үед "NextGen" төслийн уралдаан зарласан байсныг надад санал болгосон. Ингээд нийгмийн ажлаар сурч байгаа Төв аймгийн залуус Төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал Д.Нарандуламтай анх танилцаж, бид 3 хамтдаа Зуунмод сумын Залуучуудын хөгжлийн зөвлөлийн дарга Ц.Ууганбаатарт төслөө мөн танилцуулсан. Хэд хэдэн санаа байснаас 2021 онд судалж үзсэн, Өсвөр насныхны сэтгэл зүй асуудалтай байна, иймд түүнд чиглэсэн ажлыг хөгжүүлэх хэрэгцээ байгааг олж харсан юм. Ийнхүү багаараа тус төслийг сонгон нэг сар гаруй хугацааг хамтдаа ярилцаж, санаагаа нэгтгэж өнгөрүүлсэн.



-Судалгааны ажлыг хэзээнээс эхлүүлсэн бэ? Судалгааны үр дүнгийн талаар хуваалцвал?

-Судалгааны ажлыг 2021 оны 2-5 дугаар сар хүртэлх хугацаанд Хүмүүн цогцолбор ахлах сургууль, Зүүндэлгэр 4-р сургууль, Монгени 5 дугаар сургуулийн 10-12 дугаар ангийн сурагчдаас сайн дурын үндсэн дээр 41 хүүхдээс авч, нэгтгэн боловсруулсан юм.  Энэхүү судалгааны үр дүнд  өсвөр насныхан өөрийгөө гэмтээх эрсдэл өндөр, сэтгэл хөдлөлөө удирдах чадвар сул, зан үйлийн өөрчлөлтүүд илэрсэн. Иймд бид бүхэн, асуудлын шийдэлд төвлөрч, дэлхийн эерэг сэтгэл заслын аргыг ашиглаж, хүүхэд бүрт эерэг өөрчлөлт авчрах үйл ажиллагаа бэлтгэж байна.



-Төслийн гол зорилго юу байсан бэ? Хүрэх үр дүнгийн төлөвлөгөөний талаар?

-Бид бүхэн 2 сарын хугацаанд өсвөр үеийн сэтгэлзүйгээр давалгаалж, хүн бүр төслийн талаар ярилцаасай гэж хүсэж байна. Дараагийн нэг зорилго нь нийгэм өсвөр үеэ ойлгохын тулд тэднийг мэргэжлийн түвшинд судалж, танин мэдэх хэрэгтэй юм байна гэж үзсэн. Хүүхэд өөрөөс шалтгаалаагүй, нөөц боломжоосоо үл хамааран сэтгэл зүйн боловсролыг тэгш хүртээмжтэй хүртэх эрх бий. Иймд бид сэтгэл зүйчтэй 3 удаа уулзсантай тэнцэх үйлчилгээг багтаасан "Хөтөчтэй бужо" дэвтэр гаргахаар ажиллаж байна.



-Бужо дэвтэр нь хүүхэд өөрсдийн сонирхлын дагуу чимэглэж, тэмдэглэл хийдэг хувийн дэвтэр шүү дээ. Тэгэхээр тус дэвтэр дээр бичсэн зүйлтэй сэтгэлзүйч танилцан зөвлөгөө өгнө гэсэн үг үү? Эсвэл бужо хөтлөх нь өөрөө сэтгэлзүйчтэй уулзсан мэт тайвшралыг өгч чадах хэмжээний гэсэн үг юм болов уу?

-Бужо сэтгэл зүйн дэвтэрт сэтгэл зүйч хүний асуух оновчтой асуултууд багтаж байгаа. Мөн өөрийн сэтгэл хөдлөл мэдрэмжээ аль түвшинд байгааг таньж ойлгох боломжтой. Тухайлбал, өөрийгөө дэлгэцийн хамааралтай байгаа эсэхийг бүтээлч байдлаар тэмдэглэл хөтлөн зурж будаж олж илрүүлнэ. Мөн дэлгэцийн хамаарал үүсэх болсон сэтгэл хөдлөл, мэдрэмжээ таних асуултуудад хариултаа бичиж олно. Дараа нь нууцлаг мэдрэмж сэтгэл хөдлөлөө хүлээн зөвшөөрч эхэлснээр эерэг өөрчлөлт бий болно гэж харж байна.



-Төслийн хүрээнд ямар ажлыг зохион байгуулах төлөвлөгөөтэй байгаа вэ?

-250 орчим өсвөр насныханд зориулсан сэтгэл зүйн хөтөчтэй Бужо дэвтрийг туршин, сайжруулна. Энэхүү дэвтэрт хүүхэд бүр сэтгэл зүйн хувийн мэдрэмж, сэтгэл хөдлөлөө хөтөлж, өөрийн сэтгэл зүйн дүр зургийг олж харах боломжтой болно.

-80-100 орчим өсвөр насныханд зориулсан бүлгийн зөвлөгөөн хийнэ. Бүлгийн зөвлөгөөнд айх айдас бага орчинд, хүүхдийг сэтгэлзүйн хувьд хүлээн зөвшөөрч, ойлгох уулзалтуудыг зохион байгуулна. Мөн энэ хэсэгт, манай орон нутаг жижигхэн газар учраас хүүхдүүдийн хувийн нууцыг задруулахгүй байх үүднээс анхаарч ажиллана. Тухайлбал, бүлгийн зөвлөгөөн дээр хүүхэд өөрийн давуу талаа бусдадаа ярьж өгөх, өөртөө итгэлтэй болох гэх мэт эерэг үр дүнг харуулсан заслыг хийж үзэх бол, хувийн нууцтай холбоотой сэтгэл хөдлөлөө Бужо дэвтрээр зохицуулахаар төлөвлөж байна.

Дараагийн нэг ажил нь өсвөр насныхныг ойлгохоос гадна эцэг эх асран хамгаалагчдыг ойлгох хэрэгцээ бий шүү дээ. Иймд, бид бүхэн эцэг эх, асран хамгаалагчдад зориулсан нээлттэй эвентүүд зохион байгуулна. Нээлттэй өдөрлөг учраас хүн бүрд оролцох боломж бий. Мөн нөлөөллийн ажлын хүрээнд богино хугацаанд оновчтой мэдээллийг багтаасан 90 секундын зөвлөмж сэдэвтэй богино хэмжээний сэтгэлзүйн контент бүтээж нийтэлнэ.

Ерөнхий судалгаанд оролцсон хүүхдүүдийн 80 хувь нь аавтайгаа харилцах харилцаа хандлагыг чухалчилдаг, 20 хувь нь ээжийнхээ харилцаа хандлагыг чухалчилдаг гэх тоо мэдээ гарсан. Иймд Аав хүүхдийн харилцааг чухалчлан үзэж, залуу аав, ээж нарт зориулсан нөлөөллийн контентыг нийтлэн цахим орчинд эерэг хандлагыг бий болгохоор ажиллаж байна. Төсөл нь өөрөө 2 сар хүртэл үргэлжлээд төгсгөлд нь хамрагдсан нийт хүүхэд болон асран хамгаалагч нараас сэтгэл ханамжийн судалгаа аваад дуусна. 

-Сэтгэлзүйн салбар яагаад хэрэгтэй вэ?

-Миний хамгийн ихээр бусдад ойлгуулахыг хүсдэг зүйл бол "Хүн бүр аав, ээж болдог". Мөн "Хүн бүр өөртөө болон дотны хүмүүстээ сайн сайхан зүйл хүсдэг". Гэхдээ тэр сайн зүйлд хүрэхэд хүн бүр өөр өөрийн гэсэн арга барилаар хүрч очдог. Таны хүүхэд ч мөн адил, таны арга барилаар түүнд хүрэх боломж бага гэдгийг хүлээх зөвшөөрөөд, хүүхдийнхээ өөр амьдралын хэв маягийг ойлгох нь чухал байна.  Хүн бүр анх удаа аав, ээж, хүүхэд байж үзэж байгаа шүү дээ. Иймд, хүн бүр аавтайгаа, ээжтэйгээ, хүүхэдтэйгээ хэрхэн харилцвал "Аз жаргалтай гэр бүл болох вэ" гэдэгт чиглэн ажиллаж байна. Эерэг өөрчлөлтийг бий болгоход тань гэр бүлд сэтгэл зүйч туслах орон зайг бий болгоосой хэмээн өрх бүрээс хүсэж байна.



-Сэтгэлзүйчээр Төв аймагт ажиллаад хэр удаж байгаа вэ? Орон нутагт газарзүйн байршил, хүн амын нягтралаас шалтгаалан сэтгэлзүйн үйлчилгээ авахыг хүссэн ч иргэд бусдаас ичиж, эмээх тохиолдол элбэг байдаг уу?

-Төв аймагт ажиллаад нэг жил гаруй болж байна. Орон нутгийн хэмжээнд сэтгэл зүйн боловсрол авах үйлчилгээний талаарх ойлголтын зөрүү их байгаа. Эцэг эх, асран хамгаалагчид хүүхдээ хянах, удирдах хүсэлт сэтгэлзүйчээс шаардах, хүүхдийнхээ өөрсдөд нь илэрхийлэхийг хүсэхгүй байгаа зүйлсийг мэдэхийг хүсэж ирдэг. Тэгэхээр хүүхдүүд сэтгэлзүйчээс айсан байдалтай, өөрийгөө асуудалтай муу хүүхэд гэж мэдэрч ирдэг сөрөг талууд бий.



-Орон нутагтаа сэтгэлзүйн үйлчилгээг дэлгэрүүлэх, таниулах, түгээн дэлгэрүүлэх ажлуудыг зохион байгуулж байгаа юу?

-Олон нийтэд таниулахдаа орон нутгийнхаа хүмүүст хүрч чадахгүй байж мэдэх юм. Одоогоор залуу сэтгэл судлал сонирхогч хүүхдүүдийн "Tuv Teenagers" клубийг үүсгэн байгуулж, 1хүүхэдтэй хамтран дотоод гишүүддээ болон гадагшаа чиглэсэн нөлөөллийн ажлууд хүргэж байгаа. Нөгөөтэйгүүр, сэтгэл зүйн үйлчилгээ авах санхүүгийн боломж бага байна уу гэж анзаарч байна. Энэ ажил дээр Зуунмод залуучуудын хөгжлийн зөвлөлөөс ZM Loyalty картны тусламжтайгаар сэтгэлзүйн үйлчилгээг 15-25% хөнгөлөлт эдлэх боломжтой болсон. Мөн саяны төслийн тусламжтайгаар бужо сэтгэл зүйн дэвтэрт сэтгэл зүйчтэй 3 удаа уулзсантай тэнцэх үйлчилгээг багтаах байдлаар шийдвэрлэхийг зорьж байна.



-Хүмүүст хэлж, ойлгуулахыг хүсдэг өөр зүйл байгаа юу?

-Хүн бүр өөрийн сэтгэл зүйдээ анхаарч, сэтгэл хөдлөлөө зохицуулах чадвартай байгаасай гэж хүсдэг. Аав, ээж нар өөрсдийгөө золиослохгүй, хүүхдийнхээ төлөө хүсэл мөрөөдлөө орхихгүй байх арга замыг эрэлхийлдэг байгаасай. Тэгж чадвал хүүхэд тань таныг дуурайж, яг л хүсэл зорилгоосоо ухрахгүй байхад суралцах болно.

 

Related news