ХОВД: 91 багт 3876.4 мянган мал өвөлжиж, хаваржина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-11-02 09:41:38

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймагт 2022-2023 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хэрхэн хангасан тухай явцын мэдээлэл тодрууллаа.


2022-2023 онд тус аймгийн 17 сумын 91 багийн нутаг дэвсгэрт 9397 малчин, мал бүхий өрхийн 3876.4 мянган мал өвөлжиж, хаваржих дүн мэдээ гарчээ. Үүнд: тэмээ 29.1 мянга, адуу 155.9 мянга, үхэр 218.9 мянга, хонь 1369.6 мянга, ямаа 2102.9 мянган толгой байна.


2022 оны зуншлагын байдал нийт нутгийн 10 орчим хувьд хэвийн, 90 гаруй хувьд дунд зэргийн буюу гандуу байсан. Зуны саруудад хур бороо бага орсон, нийт нутгаар агаар, хөрсөндөө олон жилийн дунджаас дулаан, хэт халалт олон хоног үргэлжилсэн, хуурай халуун салхи ихтэй байснаар бэлчээрийн ургамлын ургалтад муугаар нөлөөлж, ургамлын үе шат удаашрах, хатаж шарлах байдал зургаадугаар сараас эхлэн ажиглагдсан гэж мэргэжлийн байгууллагаас дүгнэлт гаргажээ.


Ихэнх нутгаар ургамал тачир сийрэг, төрөл зүйл цөөн гарснаас нэгжийн ургац муу, бэлчээрийн ургамлын бүтээмж гүйцээгүй, малын тоо хэт их байгаа нь сумдын бэлчээрийн даац олон дахин хэтэрч гарах гол шалтгаан болсон байна. 


Өөрөөр хэлбэл
,  аймгийн дүнгээр нийт нутгийн 10 (11) орчим хувьд мал өвөлжилт, хаваржилт хэвийн байх боломжтой гэж үзэж болохоор байна.


Харин нутгийн 30 (27) орчим хувь нь 1-3  дахин хэтэрсэн, 60 (62) гаруй хувьд бэлчээрийн даац 3-аас дээш олон дахин хэтэрч гарсан нь мал сүргээ онд оруулах бэлчээрийн боломж муутай тул отор нүүдэл хийх, хадлан тэжээл
ахиу бэлтгэх, малыг зах зээлийн эргэлтэд оруулах зэргээр мал өвөлжилт, хаваржилтын ажлыг зөв зохицуулах шаардлагатайг харуулж байна гэж мэргэжлийн байгууллагууд онцоллоо

Сумдад мал оторлох, хужир шүү бэлтгэх, малд тарилга туулга хийх, зарим бог малыг хээлтүүлэх ажил үргэлжилж байна.   

Related news