ХОВД: “Халзан бүрэгтэй” төслийн эргэн тойронд...

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-11-04 12:33:37

Ховд /МОНЦАМЭ/. Сүүлийн үед Халзан бүрэгтэйн ховор металлын ордыг ашиглах, судлахтай холбоотой асуудлыг их ярьж байна.   


Газрын ховор элемент гэдэг нь бидний мэдэх алт, мөнгө, зэсийн адил нэг төрлийн ашигт малтмал юм. Анх Халзан бүрэгтэй ордын нөөцийг Монгол Улсын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл бүртгэхдээ уран бус газрын ховор шороон элементийн орд гэж бүртгэж авчээ.   


Ховд аймгийн Мянгад сумын нутаг дэвсгэрт байрлах Халзан бүрэгтэй ууланд газрын ховор элементүүдийн ордыг ил аргаар ашиглах төсөл хэрэгжиж байна. Өнөөдрийн байдлаар тусгай зөвшөөрөл бүхий компанийн зүгээс Халзан бүрэгтэй ууланд нэмэлт хайгуулын өрмийн ажил гүйцэтгэж байгаа тухай хэллээ.   



Халзан бүрэгтэйн газрын ховор элементийг ашиглах зорилгоор явуулж буй үйл ажиллагаа, тухайн газрын ашигт малтмалын лиценз зөвшөөрөлтэй холбоотой аймаг, сум орон нутгийн ард иргэдийн нийтлэг эрх ашигт ноцтой хохирол үзүүлж болзошгүй сөрөг хүчин зүйл, хууль зөрчсөн үйлдэл байгаа эсэхийг нягтлан судалж, шаардлагатай тохиолдолд ашиглалтын лицензийг цуцлуулах тухай асуудлыг өдгөө нутгийн иргэд хөндөж, тайван жагсаал зохион байгуулж байна.  


Халзан бүрэгтэй ууланд газрын ховор элемент ашиглахаар лиценз авч, өрөмдлөг хийж буй “Монголиан нэшнл рийр ийрт корп” компанид үйл ажиллагаагаа зогсоох шаардлага хүргэх, эсэргүйцэл илэрхийлэх зорилгоор Ховд аймгийн Мянгад сумын иргэд "Мянгадын мянган морьтон" жагсаал эхэлжээ.   


"Төрийн тахилгат Алтанхөхий уул, Хар-Ус нуурын дунд орших Халзан бүрэгтэй ууланд газрын ховор элемент олборлож эхэлбэл эндээс үүсэх цацраг идэвхит бодис нь Монголын цэвэр усны ай сав, их нууруудын хотгорт аюул учруулна гэж тэд үзэж байна.  


Олборлолт явуулах Халзан бүрэгтэй уул нь Ховд аймгийн хүнсний ногоо тариалдаг гол газруудтай ойрхон. Ховд аймгаас Монгол Улсын зах зээлд жилдээ 46.5 тэрбум төгрөгийн хүнсний ногоо нийлүүлдэг. Энэ бүс нутгийг цацраг идэвхт бодисоор хордуулбал зөвхөн Мянгад сум төдийгүй Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх юм. Иймээс Ховд аймгийн Мянгад сумын иргэд 2022 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр “Монголиан нэшнл рийр ийрт корп” ХХК-д үйл ажиллагаагаа зогсоох шаардлага хүргүүлсэн аж. Тэд Халзан бүрэгтэй уулаа хамгаалах, аливаа эрсдэлээс сэргийлэх зорилго бүхий үйл ажиллагаа, хяналтыг шат дараатай зохион байгуулж, тэмцлээ үргэлжлүүлэхээ мэдэгдээд байна.   


Хүний эрүүл мэнд, мал сүрэг, байгаль орчинд хортой, ноцтой гээд байгаа зүйлүүдийн нэг бол Халзан бүрэгтэйн газрын ховор элементүүдийн агуулгад цацраг идэвхт бодис буюу “уран торий” орчин тойрондоо хорт нөлөө үзүүлж, хөнөөл үүсгэх хэмжээнд байгаа” гэж нутгийн иргэд ярив.    


“Халзан бүрэгтэй” төслийг хэрэгжүүлэгчид хуулийн хүрээнд ажиллаж байгаа гэдгээ илэрхийлж, иргэдтэй уулзлаа.  


Төслийн явц, тусгай зөвшөөрөл бүхий компанийн үйл ажиллагаанд сум орон нутгаас хяналт тавих, холбогдох хуулийг баримтлан иргэдийн санал хүсэлтийг сонсох, дээд шатны байгууллагуудад асуудлыг уламжлах, нарийвчлан судлах гэх мэт ажлыг Мянгад сумынхан мэргэжлийн байгууллагын дэмжлэгтэйгээр гүйцэтгэж, энэ чиглэлд цаашид анхаарч ажиллахаа илэрхийллээ.       



Related news