ТӨВ: Хүнсний хувьсгал хөдөлгөөний нээлт Төв аймагт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2022-11-04 14:58:22

Төв /МОНЦАМЭ/ Улс орон даяар өрнөж буй "Хүнсний хувьсгал" үндэсний хөдөлгөөний нээлт өнөөдөр Төв аймагт боллоо.

Тус аймгийнхан хүнсний хувьсгал хийж, Монгол Улсын Засгийн газрын Хүнс экспортлогч улс болох зорилтыг хангах түшиц аймаг, нийлүүлэгч аймгаас үйлдвэрлэгч аймаг болоход бодлого, зорилтоо дэвшүүлэн, хэрэгжүүлэн ажиллаж байна.


Төв аймагт нээлтээ хийж байгаа “Хүнсний хангамж-Аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг аймгийн ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэн нээж үг хэлсэн бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээг Ерөнхийлөгчийн хот, хөдөөгийн бодлогын зөвлөх О.Буяннэмэх уншиж танилцуулан, аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатарт гардууллаа.


Үүний дараа УИХ-ын гишүүн Ж.Батжаргал “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын эрх зүйн орчныг сайжруулах тухай” илтгэл, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун “Хүнсний хангамж, аюулгүй байдлын талаар авах зарим арга хэмжээний тухай” 36 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын төлөвлөлтийн тухай илтгэл, Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар “Хүнсний хангамж-Аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн, “Хүнсний хувьсгал”-д аймгийн оролцоо, аймгийн “Хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн стратеги төлөвлөлт"-тэй хэрхэн уялдуулах” талаар илтгэл мэдээлэл хүргэлээ.


Төв аймаг жилд 100.0 сая литр сүү, 50.0 мянган тонн мах, 21.0 мянган тонн хүнсний ногоо, 154.5 мянган тонн төмс, 172.3 мянган тонн жимс жимсгэнэ үйлдвэрлэж, хүн амын хүнсний хэрэгцээнд нийлүүлдэг. Мөн өөрийн хэрэгцээг хангаад зогсохгүй нийслэл Улаанбаатар хотын хүн амын сүүний хэрэгцээний 45 хувь, махны 40 хувь, төмс, хүнсний ногооны 56.6 хувийг хангаж байна. Түүнчлэн үр тарианы 26 хувь, хүнсний ногооны 18 хувь, төмсний 57 хувийг үйлдвэрлэж байна.

Related news