ОРХОН: Г.Болдхуяг: Өөрийгөө хөгжүүлэхэд хамгийн чухал чанар бол эрэл хайгуулч байх

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-11-07 14:29:27
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Баяжуулах үйлдвэрийн Нунтаглан баяжуулах хэсгийн тээрмийн машинист Г.Болдхуягтай ярилцлаа. Тэрээр ажлын гараагаа Эрдэнэт үйлдвэрээс эхлүүлж, өдгөө 15 дахь жилдээ ажиллаж байна. Түүний гаргасан  500 гаруй санал, санаачилгаас 30 гаруй хувь нь биелэлээ олж, үйлдвэрт өгөөжөө өгчээ. “Ажилдаа санал санаачилга гаргана гэдэг нь тасралтгүй сайжруулалт хийгдэж байна гэсэн үг” хэмээн ярих түүний ажилдаа гаргах чин сэтгэл, арга барил, амьдралын зарчмын талаарх сонирхолтой хэмнэлтэй танилцаарай.


-Таны “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-тай холбогдсон түүхээс яриагаа эхэлье. Эрдэнэт үйлдвэрт анх хөл тавьж байсан үе рүүгээ эргэн буцвал ямар дурсамж хамгийн түрүүнд бууж байна вэ?

-Анх ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд ШУТИС-ийн хэвлэлийн график, дизайны ангийг авч байлаа. Яг сургуульд явах болдог жил аав маань надтай ярилцаад “Эрдэнэт үйлдвэрт ажиллаач” гэдэг саналыг тавьсан. Аав минь насаараа Эрдэнэт үйлдвэрт ажилласан уурхайчин хүн. Аавынхаа үргэлжлэл болж ажиллах нь надад бахархалтай санагдсан учраас 2005-2006 онд Ш.Отгонбилэгийн нэрэмжит ШУТИС-ийг баяжуулагч мэргэжлээр суралцаж төгсөөд, 2007 оны 6 дугаар сард баяжуулагчаар Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах үйлдвэрт орсон. Хорин хоёрхон насандаа ид хийж бүтээе гэсэн гал цогтой, эрч хүчтэйгээр ажилдаа орж байлаа. Ажиллахынхаа хажуугаар уул уурхайн ашиглалт, баяжуулалтын инженер мэргэжлээр их сургуулиа төгссөн.  


-2007 оноос хойш гэхээр 15 жил ажилласан байна. Энэ хугацаанд танай байгууллагад маш олон өөрчлөлт бий болсон байх. Танай байгууллагын стратеги, соёлоос танд хамгийн их таалагддаг зүйл юу вэ?

-Нэгдүгээрт, Эрдэнэт үйлдвэр өөрөө дэлхийд данстай уул уурхайн үйлдвэр. Яг энэ үйлдвэрт өөрийнхөө хувь нэмрийг оруулаад, нэг эд эс нь болоод явж байгаадаа бахархдаг. Хоёрдугаарт, сайн санал санаачилга гаргасан ажилтнуудаа “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ байнга сонсож, дэмжиж ажилладаг нь таалагддаг. Өндөр хөгжилтэй орнуудад туршлага судлах боломжийг залуу ажилтнууддаа олгодог нь бас нэг давуу тал гэж хэлж болно.


-Таны өөрийгөө хөгжүүлэхэд хамгийн чухал гэж үздэг аргачлалууд?

-Өөрийгөө хөгжүүлэхэд хамгийн чухал чанар бол эрэл хайгуулч байх. Техник, технологи, цахим орчин өндөр түвшинд хөгжиж байгаа энэ үед бид хүссэн мэдээллээ олж авах боломж хүн бүрийн өмнө нээлттэй байна. Цахим орчинд цаг нөхцөөх гэж биш, эрэл хайгуул хийж, судалж, уншиж өөрт хэрэгтэй байдлаар ашиглаж чадвал интернэт шиг хэрэгтэй зүйл алга.  Цахим орчин бидэнд дэлхийтэй хөл нийлүүлэх боломжийг олгосон гэж боддог.


-Таны гаргасан шинэлэг санаачилга, бусдад тулгардаг ямар асуудлыг хялбарчилсан бэ?

-“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Баяжуулах үйлдвэр 2005 оноос эхэлж “Сайн саналын систем”-ийг нэвтрүүлж, ажилчдын оролцоотойгоор шинэчлэл, сайжруулалтыг хийж ирсэн. Миний хувьд 2009 оноос эхлэн санал оруулж эхэлсэн. Энэ цагаас хойш

Нийт 500 орчим санал санаачилга гаргаж, үүний 30 орчим хувь нь дэмжигдэж, ажил хэрэг болоод явж байна.


Ерөнхийдөө саналуудаа Кайзений саналын систем дээр үндэслэж гаргадаг.

Кайзений санал гэж юу вэ? гэвэл  технологийн, цахилгааны, механикийн, хөдөлмөрийн аюулгүй байдал, таван сайн үйлс буюу 5S-ийн зарчимд тулгуурласан, бусад гэсэн үндсэн зургаан чиглэлд авдаг сайжруулалтын саналын системийг хэлж байгаа юм. Миний гаргасан саналууд хүний ажил хөнгөвчлөх, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, 5S-ийн саналуудад чиглэдэг. Санал бүр асуудлын шийдэл байдаг.

Тухайлбал, манайд тээрмүүдийн тосолгоо гэж байдаг. Тэр тосолгоонд ашиглаж байгаа тос нь задгай хаягддаг учраас баяжуулалтад сөргөөр нөлөөлдөг. Нөгөөтэйгүүр, тээрмийн дор ажилладаг хүмүүст халтиргаа гулгаа үүсгэдэг асуудал байсан. Хаягдал болдог байсан тус тосыг хуримтлуулаад бусад хэрэгцээт газрууд руу шилжүүлэх шийдлийг гаргасан нь аюулгүй ажиллагааг хангахад чиглэсэн сайн саналын нэг байсан. Мөн хэсгийн галлерейн гэрэлтүүлэг хүн явсан, яваагүй байнга асдаг байсан. Тус гэрэлтүүлгийг автомат гэрэлтүүлэгчээр солих саналыг гаргаснаар хүн яваагүй үед унтарч, цахилгааны хэмнэлтийг бий болгож чадсан.


-500 гаруй санал гаргаж 30 хувь нь дэмжигдсэн гэж байна. Энэ бол их тоо. Та санаагаа гаргахдаа хаанаас сэдэл авдаг вэ? Ажлын практик дээрээс гаргаж байна уу? Эсвэл сайн туршлагуудыг судалж байна уу?

-Сайн санал гаргана гэдэг тасралтгүй сайжруулалт хийж байна гэсэн үг Хаана асуудал байна, түүнийг яавал шийдвэрлэж болох вэ? Үүнийг ингээд шийдчихвэл бидэнд болон бусдад хэрэгтэй дээ гэсэн сэтгэл байдаг.


Санал гаргана гэдэг би өөрөө хандлагаа өөрчилж байна гэсэн үг.


Жишээлбэл, би гэртээ цахилгааны разетка эвдэрчихсэн байвал галын аюултай учраас хэн нэгэн засахыг хүлээхгүйгээр өөрөө солиулна. Ажил дээр яг л тийм хандлага хүнээс гарч байх ёстой. Ажил бол хүний хоёр дахь гэр бүл.


-Та зөв хандлагыг  юугаар тодорхойлох вэ?

-Хүн бүр хандлагыг өөр өөрөөр хэлэх байх. Миний хувьд ажлын жишээн дээр ярих дуртай. Мэдээж хүн ажлынхаа үүрэгт ажлыг хийнэ. Түүнийхээ хажуугаар сайжруулалтыг байнга эрэлхийлж байх нь зөв хандлага санагддаг. Яавал ажлын байраа сайжруулах вэ, яавал үүнийг амар хялбар болгож болох вэ гэх бодол миний толгойд байнга эргэлддэг. Үүнийхээ ч үр шимийг хүртэж бидний санаачилга ажил хэрэг болж, сайн үр дүн гарч байгаад талархалтай байдаг.


-Таны амьдралдаа хийсэн хамгийн том сонголт юу байв, түүнийг дагаад юу өөрчлөгдсөн бэ?  /алдсан зүйл, оносон зүйл?

-Амьдралдаа хийсэн хамгийн том зөв сонголт миний гэр бүл байсан. Хүний амьдралын хамгийн том сонголт гэр бүл зохиох. Ханиа зөв сонгочихсон байхад бүх зүйл цаашаа дардан замаар явдаг гэж боддог. Бид бүх зүйлээ “тэг”-ээс эхлүүлсэн. Тэр үеийн дурсамжууд маш нандин, гоё байдаг. Ганцаараа амьдралын төлөө зүтгэх, хоёулаа болоод зүтгэх хоёр шал өөр. Амьдрал утга учиртай, жаргалтай болоод эхэлдэг. Бид хоёр ерөнхий боловсролын сургуулийн нэг ангийн хоёр. Эхнэр маань хотод их сургуулиа төгсөөд, үргэлжлүүлээд БНСУ-д магистрт суралцаад 2009 онд ирсэн. Тэр үед би 2 жил ажиллачихсан байсан. Миний зорилго гэр бүл болно гэж төлөвлөж байсан учраас эр хүний хувьд амьдралаа авч явах, тогтсон ажилтай болсон байх гэсэн анхдагч зорилгуудыг өөртөө тавьчихсан, түүнийхээ төлөө л зүтгэсэн дээ. Тэгэхээр сайн хань ижил, зөв ажил бол хүний амьдралын хамгийн том сонголт.  


-Үндсэн ажлынхаа хажуугаар дурлаж хийдэг өөр ажил/сонирхол бий юу?

-Хүн амьдралынхаа туршид байшин барих, мод тарих, ном бичих гэсэн гурван зүйлийг хийх хэрэгтэй гэдэг дээ. Байшингаа барьчихсан. Таван жилийн өмнөөс хашаандаа мод тарьж эхэлсэн. Одоо хобби болчихсон, нийтдээ 60 гаруй мод тарьсан байна. Мод тарьж ургуулах яг л хүүхэд шиг асаргаа, арчилгаа чухал. Суралцаад л явж  байна. Хараахан үр жимсээ өгөөгүй байгаа ч хэзээ нэг өдөр хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэж сагсайтал жимсэлсэн сайхан төгөлтэй болно гэж мөрөөддөг.


-Та ном хэр уншдаг вэ? Таны харах өнцгийг өөрчилсөн ном байдаг уу? Бусдад санал болгооч гэвэл ямар номыг нэрлэх вэ?

-Ном уншина гэдэг ертөнцийг харах цонх гэдэгтэй бүрэн санал нийлнэ. Ямар ч ном уншсан ард нь заавал эргэцүүлэн бодоход хүргэдэг учраас унших дуртай. Аль нь зөв, аль нь буруу гэдгийг тунгааж, амьдрал дээр хүнийг төлөвшихөд тусалдаг маш сайн зөвлөгч гэж боддог. Сүүлд Мари Кондогийн “Амьдралыг өөрчлөх эмх цэгц ба түүний гайхамшигт ид шид” номыг уншсан. Энэ номыг санал болгож байна. Хүн нүцгэн ирээд нүцгэн л буцдаг. Амьдралын туршид яг өөрт хэрэгцээтэй байгаа зүйлээ л эдэлж хэрэглэх ёстой. Ихэнх хүмүүст 10 жилийн өмнө авсан хувцас нь байж л байдаг. Өөрөө өмсдөггүй, тэгсэн хэрнээ хаяж чаддаггүй байлгаад л байдаг. Өөрт хэрэггүй л бол бусад хэрэгтэй хүнд нь өгч сурах хэрэгтэй.

Их хураасан эд хогшил, өөрт нь яваандаа тээг, дараа болдог гэсэн агуулгатай ном бий. Энэ номыг уншаад үзвэл амьдралдаа дүгнэлт хийж, замбараагүй байгаа олон зүйлээ цэгцэлж чадах байх аа гэж найдаж байна.


-Ажил, амьдрал дээрээ баримталдаг хамгийн чухал зарчим  юу вэ?

-Г.Аюурзана зохиолчийн монгол хэлнээ орчуулсан В.Шекспирийн нэг үг байдаг. Энэ үгийг би амьдралынхаа зарчим болгож явдаг. “Итгэсэн хүндээ үнэнч байх, шударга хүнийг хайрлах, ухаантай бага ярьдаг хүнээс суралцах, нийтийн санаа бодолтой нийцэх”.  Энэ үг хүн амьдралдаа ямар байх ёстойг нэг өгүүлбэрт оруулаад хэлчихсэн юм шиг санагддаг. Харин өдөр бүр баримталдаг дадлын хувьд эртэч байхыг хичээдэг. Орой эрт унтаж, өглөө эрт босдог. Өглөө эрт босоход эерэг бодол, эрч хүчээр дүүрэн байдаг. Олон ажил амжуулдаг, түүнийгээ дагаад амьдралын чанар ч дээшилж  байдаг.

Хүмүүс ихэвчлэн нар аль хэдийн хэвийчихсэн хойно босдог. Өдөр богино, ажлын цаг бага учраас ажил нь амжихгүй, түүндээ бухимдал ихтэй, стрессдсээр байгаад таардаг. Засаж болох зуршлаа өөрчилчихвөл эхнээсээ өөрчлөлтүүд гарч эхэлдэг гэдгийг олон хүн ойлгоосой гэж хүсэж байна.  


-Манай улсад тэтгэврийн нас 55, 60 гадны улс оронд 60, 70 нас бараг карьерынх нь оргил үе байх жишээтэй. Таны “тэтгэврийн нас” хэд вэ?

-Хэвийн бус нөхцөлд 55 нас хүртлээ ажиллана гэдэг амаргүй даваа. Гэхдээ үйлдвэрээсээ тэтгэвэрт гарсан ч гэсэн цаашид ажилласаар л байна байх.  Хөгшрөөд хөдөлмөрийн чадвараа алдаад ирвэл ном бичиж, хүний амьдралынхаа туршид хийж гүйцэтгэх ёстой гурав дахь зүйлээ гүйцээнэ дээ.    


-Эцэст нь “хэн болж дурсагдаж үлдэх вэ” гэсэн асуултаар ярилцлагаа өндөрлөе?

-Хүн зөв санаа, зөв бодолтой явах ёстой. Гишгэсэн мөрөө үргэлж харж байх ёстой. Эргээд харахад гишгэсэн мөртэй, хийсэн бүтээсэн зүйлтэй л дурсагдаж үлдэхийг хүсч байна.

 

Related news