ОРХОН: Б.Оюун-Эрдэнэ: Хөдөлмөр эрхэлж буй эхчүүдийн ажлын цагийг багасгах нь хүүхдийн хүмүүжилд эергээр нөлөөлнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-11-16 14:12:31
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/. Орхон аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар “Танаас би” гэр бүлийн өдөрлөг зохион байгуулж  урилгаар гэр бүл судлаач, доктор, дэд профессор Б.Оюун-Эрдэнэ ирсэн юм. Түүнтэй монгол гэр бүлийн хөгжил, төлөвшлийн талаар  ярилцлаа.


-Гэр бүлийн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр таны тавьж буй илтгэлээс ойлгож үлдэх хамгийн чухал агуулга юу вэ?

-Монголчууд ураг барилдахдаа удмыг нь хар. Сайн хүний үр, сүүт гүүний унага гэдэг. Тэгэхээр гэр бүл болно гэдэг хүний амьдралын хамгийн чухал сонголтынх нь нэг байдаг. Мөн хүний хөгжлийн анхдагч орчин гэр бүл бөгөөд хөгжил, төлөвшлийнх 70-80 хувь нь энэ орчин, хүмүүжлээс эхтэй юм.


Бид энэ хорвоод ирээд, буцдаг зочид. Энэ богино хугацаанд утга учиртай амьдрахын тулд гэр бүлийн үнэ цэн түүнийг бүтээх нь хамгаас чухал. Мөн дэлхий нийт соёлын глобалчлал, аж үйлдвэрийн 4 дүгээр хувьсгалд өртөж буй энэ цаг үед бид цахим орчинд өөрийн гэр бүлээ хамгаалж сурах хэрэгтэй. Гэр бүлийн өмнө хүлээх үүрэг харицлагаа нэмэгдүүлэх хэрэгтэй. Гэрлэлт бол хайраар эхэлж хариуцлагаар үргэлжилдэг. Хамтын зорилго, хамтын үнэ цэн, хамтын тэвчээр байдаг. Гэрлэлтэд хэн нэгэн эрх ашгаа дээгүүрт тавиад ирэхээр л зөрчилдөөн үүсдэг.  


-Гэр бүлд хэн илүү мөнгө олж байна тэр эрх мэдлээ тогтоох хандлага харагддаг. Ийм тохиолдолд та ямар зөвлөгөө өгөх вэ?

-Гэр бүлийн харилцаан дахь жендэрийн тэгш байдлыг хангах гэдэг ойлголт дэлхий нийтийн өмнө тулгарч байна. Ялангуяа эмэгтэйчүүдийн эрх гэр бүлд илүү зөрчигддөг. Энэ нь тухайн улс орны ёс заншил, уламжлал, соёлтой нь холбоотой юм. Үүнээс улбаалаад гэр бүлийн тогтворгүй байдал нэмэгддэг. Олон улсын болон Хүний эрхийн байгууллагуудын эрх зүйн бодлогын баримт бичигт гэр бүл дэх жендэрийн тэгш байдлыг эхнэр, нөхрийн тэгш оролцоо, үүрэг хариуцлага гэж үздэг. Үүнийг л зөв, зохистой харилцаа гэж томъёолдог. Монголд эр хүн гэр бүлээ тэжээх ёстой, үүрэгтэй гэж үздэг хандлагатай холбоотойгоор зарим эрчүүд илүү эрх мэдэлтэй байдаг. Нөгөө талдаа, эмэгтэйчүүд ажил хийж илүү орлоготой болоод ирэхээрээ нөхрийгөө буруутгах хандлага харагддаг. Иймд гэр бүлийнхээ тэнцвэртэй байдлыг хангая гэвэл эхнэр, нөхрийн аль, аль нь үүрэг оролцоогоо тэгш хангахыг хичээх хэрэгтэй.


-Гэр бүлийн хөгжил, тулгамдаж буй асуудлын талаар хийсэн судалгаанаасаа та онцолж хэлбэл?

-Гэр бүлийн харилцааны талаарх суурь судалгааг ХНХЯ, ШУА гээд олон байгууллага судалдаг. Би 2003, 2010, 2018 онд судалгаа авч байсан, судалгаанд хамтарч ажиллаж байсан. Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Алсын хараа 2050, дунд хугацааны хөгжлийн бодлогод тусгагдсан Өрхийн хөгжлийн асуудалд би зөвлөхөөр ажилласан. Ер нь дээрх судалгаанаас товч дүгнэхэд, Монгол Улс гэр бүлийн асуудал хариуцсан бодлого, эрх зүйн орчноо сайжруулах, үйл ажиллагаагаа хүртээмжтэй болгох, залуучуудад гэр бүлийн боловсрол олгох, гэр бүлийг чадавхжуулах, үүрэг хариуцлагыг  нэмэгдүүлэх зэрэгт мэргэжлийн байгууллага, үйлчилгээг хөгжүүлэх шаардлагатай гэж гарсан.


-Гэр бүлийн тогтвортой байдлыг хангахад мэргэжлийн байгууллагын үйлчилгээг нэмэх тухай асуудал ярьж байна уу та?

-Тийм. Гэр бүлийн боловсрол бол Хэрэглээний боловсрол гэж ЮНЕСКО-гоос албан ёсоор зарласан. Олон улсад гэр бүлийн боловсролд бэлтгэдэг сургалт, хөтөлбөр, мэргэжлийн байгууллагуудтай. Зарим нь бүр боловсролынхоо тогтолцооны нэг болгосон улс ч  байна. БНСУ-д л гэхэд, Гэр бүл, эмэгтэйчүүдийн яам бий. Яамны дэргэд мэргэжлийн 182 төв ажилладаг. Мөн дэлхий нийтээр Эрүүл гэр бүлийг дэмжих тухай асуудал ярьж байна. Энэ чиглэлээрээ ч гэр бүлийн боловсролыг дээшлүүлж байна. Монголд гэр бүлийн тухай мэдлэгийг Иргэний боловсрол хичээлээр нь дамжуулж заадаг. Миний бодлоор үүнийг биеэ даасан хичээл болгох, их, дээд сургуулиуд гэр бүлийн боловсрол олгох хөтөлбөр боловсруулах ёстой гэж үздэг. Гэр бүлийн тухай шинэчилсэн найруулагад эдгээр асуудал бас тусгагдсан байгаа.


1982 оноос олон улсад гэрлэлтэд бэлтгэх асуудлыг онолын болон шинжлэх ухаан талаас нь судалж хөтөлбөр боловсруулсан байдаг. Гэтэл Монголд гэр бүлийн боловсролыг боловсролынхоо системд ч тусгаж чадаагүй байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэй орчинд өссөн хүн насанд хүрэхээрээ хүчирхийлэл үйлдэх магадлал нь 70 хувь байдаг. Иймээс гэр бүлийн сайн сайхны төлөө үйл ажиллагаа явуулах мэргэжлийн байгууллагыг бий болгох хэрэгтэй. Хүчирхийлэгчийн зан үйлийг өөрчилж хохирогчийн сэтгэл зүйг нөхөн сэргээх мэргэжлийн байгууллагыг бий болгох шаардлагатай байгаа юм. Монгол Улс 850 мянга гаруй өрхтэй. Үүний 36.1 хувь нь гэр бүлийн хүчирхийллийн харилцаатай гэсэн судалгаа саяхан гарсан байна. Тэгэхээр, бид энэ асуудлыг бүх түвшиндөө анхаарах хэрэгтэй.


-Гэр бүлийн үнэ цэн, хамтын оролцоо, шийдвэр буюу гэр бүлийн харилцааны талаарх ойлголт Монголд гэлтгүй дэлхий нийтэд өөрчлөгдсөн юм биш үү?

-Үе хоорондын асуудал энэ цаг үед хүмүүсийн гол зөрчилдөөн болж байна. Орчин үеийн хүүхдүүд сэтгэлгээ сайтай ч харилцаа муутай. Хэрэгцээ өндөртэй. Сэтгэл хөдлөлөө удирдах, хянах чадвар нь дутмаг. Бодсоноо шууд илэрхийлнэ. Багшаасаа илүүтэй цахимаас “асууна”. Тэд бол шинэ эриний хүүхдүүд. Өөрөөр хэлбэл,


21 дүгээр зууны хүүхдүүдийг 20 дугаар зууны ээж хүмүүжүүлж байна. Энэ үеийн хүүхдүүд эго ихтэй, өөрийг нь хүүхэд гэхээсээ хүн гэдэг талаас нь харахыг шаардана.


Өөрийг нь хүндэтгэж зөвшилцөхийг хүснэ. Бидний багадаа өссөн хүмүүжлээс тэс өөр. Асуудлыг хүндээр хүлээж авдаг учир тэдэнтэй зөвшилцөж сурах хэрэгтэй. Иймд тэд ирээдүйд эцэг, эх болох учир гэр бүлийн боловсрол, төлөвшлийн асуудлыг өнөөөдөр өөрөөр харж, судалж, сурах шаардлага байгаа юм.


-Монгол ээж нар завгүй, ажил ихтэй байна. Хүүхдүүдийг нь харин  сошиал “хүмүүжүүлж” байна. Та үүнийг хэрхэн зохицуулбал зохимжтой гэж үзэж байна вэ?

-Энэ асуудлыг олон эцэг, эх хэлдэг. Тэгэхээр ээжийн цалинг нь багасгахгүйгээр ажлын цагийг нь багасгаж зохицуулах ёстой гэж хардаг. Хөдөлмөр эрхэлж байгаа ээж нарт бодлогын дэмжлэг сул байна.

Швед, Норвеги улсад хүүхдээ асарч байгаа ээжүүдийг хөдөлмөр эрхэлж байна хэмээн хүндэтгэж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалин олгодог. Мөн Европт эхчүүд аливаа анкет бөглөхдөө өөрийгөө гэрийн эзэгтэй гэж тодотгодог бол монгол эхчүүд ажилгүй гэж бичдэг. Гэрийн хөдөлмөрийг хөдөлмөр гэж үнэлж байгаа олон улс байна. Хүүхдийг хүмүүжүүлж буй эхчүүдийг цалингаар урамшуулж байна.

Ээж та хүүхдээ сайн хүмүүжүүлээрэй гээд хөдөлмөрийн цагийг нь багагсгаж байна. Харин Монголд эмэгтэй хүний байгалиас заяасан өгөдлийг нь хийх ёстой, үүрэх ёстой ачаа мэтээр харж байгаа нь харамсалтай.


Жишээ нь албан байгууллагууд эмэгтэй ажилтнаа 7 хоногт нэг удаа хагас цагаар ажиллуулаад гэрт нь эрт хариулж хүүхдээ асрахыг нь дэмжээсэй гэж би боддог.


Тэгэхээр сард 4 удаа тухайн ээж хагас цагаар ажиллахаар гэр бүлдээ үр хүүхэддээ зарцуулах цаг их гарна гэсэн үг. Энэ мэтчилэн хүндээ хайртай, ойлгодог, жендэрийн мэдрэмжтэй удирдлага байгаасай гэж хүсдэг. Эцэст нь хэлэхэд, манай монголчууд их өөдрөг. Эрсдэлийг огт тооцдоггүй. Гэр бүл болохдоо итгэлцлийг үндэслэдэг. Тиймдээ гэрлэлтийн гэрээ, гэрлэлтийн баталгааг чухалчилдаггүй. Гэтэл амьдралын туршид асуудал гараад ирэхэд эрсдэлээ давж чаддаггүй. Ингэхээр гэр бүлийн боловсролыг сууриас нь эхэлж олгохгүй бол тогтворгүй гэр бүл улам ихэснэ л гэж сэтгэл зовниж байна.

-Ярилцсанд баярлалаа.

 

Related news