Мьянмарын цэргийнхэн 6000 хоригдлыг суллажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2022-11-17 13:47:31

НЕЙПИДО. /France24/. Мьянмарын цэргийн хунтын удирдагчид Австралийн эдийн засагч бөгөөд Аун Сан Су Чигийн зөвлөх асан Шон Тернелл тэргүүтэй шоронд хоригдож байсан 6000 гаруй хүнийг өршөөлөөр сулласан талаар тус улсын төрийн мэдлийн хэвлэл өнөөдөр мэдээлжээ.


Суллагдсан хүмүүсийн дунд Их Британиас Мьянмарт суух Элчин сайдын албыг хашиж байсан Вики Боуман болон түүний нөхөр, мөн АНУ-ын иргэн Кяу Тай Оо, Японы найруулагч Торү Күбота нар байжээ.


2002-2006 онд Элчин сайдын алба хашиж байсан В.Боуман нь наймдугаар сард гадаадын иргэний бүртгэлийн бичиг баримтдаа бичигдсэнээс өөр хаягт амьдарч байснаа мэдүүлээгүйнхээ улмаас нөхрийнхөө хамтаар баривчлагдсан байна.


Хожим нь тэдэнд нэг жилийн хориx ял оноожээ. Түүний нөхөр нь нэртэй уран бүтээлч Хтейн Лин аж. Японы иргэн Т.Күботагийн хувьд үймээн самуун дэгдээсэн, харилцаа холбооны тухай хуулийг зөрчсөн хэргээр хоригджээ.


Мьянмарт өнгөрсөн оны хоёрдугаар сард цэргийн эргэлт гарч, Аун Сан Су Чи тэргүүтэй иргэний нийгмийн төлөөлөл болсон удирдагчдыг баривчилснаас хойш улс төрийн үймээн дэгдээд байгаа юм.


"Мьянмарын үндэсний өдрийг тохиолдуулан 5774 эрэгтэй, 676 эмэгтэй хоригдолд “хүмүүнлэгийн үндэслэлээр” өршөөл үзүүллээ" гэж төрийн мэдлийн хэвлэл мэдээлсэн байна. Тэдний дунд олны танил 11 хүн, мөн сайд асан, Аун Сан Су Чигийн ойрын туслах байсан хүн ч байжээ.


Ш.Тернеллийн хувьд төрийн нууцын тухай хуулийг зөрчсөн хэргээр хорих ял сонсоод байжээ. Цэргийн хунтын хэвлэлийн төлөөлөгч дээрх мэдээллийн талаар тодруулах “Reuters” агентлагийн дуудлагад хариу өгөөгүй байна.


Австралийн Гадаад хэргийн яам мөн тодруулга авах хүсэлтэд хариу өгөөгүй байгаа бол Японы Гадаад хэргийн яам Т.Күботагийн талаар мэдээлэл авсан гэж мэдээлжээ.

Related news