ХОВД: Энэ онд 175 мянга гаруй мод тарьжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-11-23 09:15:38

Ховд /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Ховд аймаг  2022 оны хавар, намрын улиралд нийт 175.136 ширхэг мод, бут сөөг тарьжээ.  


Үүнээс 63 мянган модыг энэ намар тарьсан бол бусад 112 мянга гаруй модыг хавар бүх нийтийн мод тарих өдрөөр тодорхой цэгүүдэд суулгаснаар ургалтын төлөв 70-80 хувьтай явж байна.  

Энэ жил ихэвчлэн навчит төрлийн мод буюу улиас, бургас зэргийг тариалсан бөгөөд дээрх ажилд нийт 292 аж ахуйн нэгж, байгууллага, 8819 хүн идэвхтэй оролцож, 446.108.700 төгрөгийг зарцуулсан гэх судалгаа гарчээ.  


Мөн аймгийн төв буюу Жаргалант сумын 200 гаруй айл өрх 10 мянган модыг хашаандаа тарьж, ургуулж, арчилж байна.


Мөст, Чандмань сум 2022 онд шинээр 20 га газарт хамгаалалтын ойн зурвас байгуулснаараа онцлогтой байлаа.  

 

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 1000 сургагч багш бэлтгэх сургалтыг аймаг бүрт зохион байгуулж байгаа. Үүнд Ховд аймгийн 17 сумаас 51 хүн хамрагдаж, онолын хичээлийг цахим болон танхимаар үзэж чадавхжив.


Related news