КАТАР-2022: Иран, Сенегалын баг ялалт байгуулж, Нидерланд-Эквадор 1:1, Англи-АНУ 0:0-ээр тэнцэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-11-26 13:59:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Баасан гарагт Улаанбаатарын цагаар орой болон шөнө дунд /18.00, 21.00, 00.00, 00.03 цагаас/ “Катар-2022” ДАШТ-ий хоёрдугаар тойргийн эхний тоглолтууд буюу A, В хэсгийн тулаанууд боллоо.


Эхний тулаан В хэсгийн Уэльс, Ираны шигшээ багуудын хооронд өрнөж, эцсийн мөчид Иран улсын шигшээ 2:0-ээр гайхалтай ялалт байгуулж хожлоо. Тодруулбал, шүүгчийн мэдлийн 98 болон 101 дэх минутад Рузбех Чесми, Рамин Резаейан /Rezaeian, Ramin 90+11', Cheshmi, Roozbeh 90+8' / нар гоолдсон юм.


Тоглолтын 85 дахь минутад Уэльсийн шигшээ багийн хаалгач Хеннесси бөмбөг зайлуулах гэж байгаад Ираны довтлогч Мехди Таремиг мөргөж, унагаажээ. Энэхүү үйлдлийн төлөө Хеннесси улаан хуудас хүртэж, Уэльс талбай дээрээ 10 хүнтэй үлдэж хожигдлын хаалгаа нээсэн гэж болно. Уг тоглолтын шилдгээр Рузбех Чесми тодорчээ.





Харин дараагийн тоглолт А хэсгийн ДАШТ-ийг зохион байгуулагч Катар, Сенегалын багуудын тулаанд 3:1-ээр сенагалчууд хожсоноор энэ удаагийн дэлхийн аваргыг орхих хамгийн эхний багаар Катарын шигшээ баг тодорлоо. Тэдний хувьд ялалт байгуулж чадаагүй ч ДАШТ-ий талбайд түүхэн дэх анхны гоолоо оруулсан юм. Түүхэн гоолын эзнээр Мунтари тодорсон бол Сенегалын шигшээ багаас Диа, Дейдху, Дьенг нар гоол оруулсан билээ. Тус тоглолтын шилдгээр Булаи Диа тодорсон.


Тус тоглолтын дараа Сенегалын хамгаалагч Юссуф Сабали “Бид ялж чадлаа. Нээлтийн тоглолтдоо хожигдсон ч энэ удаа ялсан нь чухал байв. Бидэнд дахиад боломж гарч ирлээ. Хэсгээс гарахын тулд одоо ганц шийдвэрлэх тоглолт хийх бөгөөд энэ тоглолтод бид бүх хүчээ зориулна” гэлээ.


Гурав дахь тоглолт буюу А хэсгийн Нидерланд, Эквадор улсын шигшээ багуудын тулаанд тэд 1:1-ээр тэнцлээ. Нидерландаас Годи Гакпо тоглолт эхлээд 6 минут болж байхад гоол оруулж, багтаа тэргүүллийг авчирсан. Гэвч тэд тэргүүллээ баталгаажуулж чадалгүй байсаар 2 дугаар үетэй золгосон. Хоёрдугаар хагасын 49 дэх минутад Эквадороос Эннер Валенсиа гоолдож, тооны харьцааг тэнцүүлж орхив. Улмаар үлдсэн хугацаанд 2 баг аль нь ч гоол оруулж чадалгүй, эвийн гэрээ байгуулав.


“Катар-2022” ДАШТ-ий В хэсгийн Англи, Америкийн тоглолт тун уйтгартай тоглолт болж 0:0-ээр дууслаа. Ялангуяа Английн шигшээ багийг үзүүштэй тоглолт гаргана хэмээн фанатууд нь хүлээсэн ч талаар боллоо. Харин Америкийн залуус олон аюултай довтолгоо өрнүүлж, Английн хамгаалалтыг сандаргаж байв.

Related news