Улсын аварга Пүрэвийн Бүрэнтөгс түрүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-11-26 18:52:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн түүхт ой, Монгол бахархлын өдөр болон Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 98 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанд Увс аймгийн Давст сумын харьяат, Улсын аварга Пүрэвийн Бүрэнтөгс түрүүлж, Ховд аймгийн Буянт сумын харьяат, Улсын аварга Оргихын Хангай үзүүрлэв.


Энэхүү барилдааны дунд шөвгийн наймд Улсын аварга П.Бүрэнтөгс, Улсын начин Галсан-Очирын Ганжадыг амалж аван давлаа. Улсын аварга О.Хангай Улсын харцага Цэдэндоржийн Мөнхбаярыг амалж барилдан давж шөвгийн дөрөвт үлдлээ.


Улсын заан Б.Бат-Өлзий, Улсын харцага Цэдэнсодномын Бямба-Отгонг амалж хүчийг үзэн барилдаж Ховд аймгийн харьяат, Улсын заан Б.Бат-Өлзий давлаа. Улсын харцага Нацагсүрэнгийн Золбоо, Улсын начин Жамсрангийн Ням-Эрдэнэ нар энэ даваанд тунаж барилдан Увс аймгийн Тэс сумын харьяат, “Сүлд” спорт хорооны бөх Улсын начин Ж.Ням-Эрдэнэ давлаа.


Долоогийн даваа буюу Их шөвөгт Улсын аварга П.Бүрэнтөгс, Улсын начин Ж.Ням-Эрдэнийг амалж Улсын аварга П.Бүрэнтөгс давж үзүүр, түрүүнд үлдсэн юм.


Харин Улсын аварга О.Хангай, Улсын заан Б.Бат-Өлзий нар тунаж барилдан Монголын үндэсний бөхийн холбооны дүрэмд зааснаар цаг дуустал давалцаагүй тул 3 удаа мэхний хувилбар хийсэн гэж О.Хангайд даваа өгч, мэх хийлгүй хамгаалж барилдсан гэж Улсын заан Б.Бат-Өлзийг унасанд тооцов.  

Related news