ЗАВХАН: Хүүхдийн хөгжилд салбар дундын хамтын ажиллагааг сайжруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-11-29 14:13:11

Завхан /МОНЦАМЭ/. Тус аймагт бага насны хүүхдийн цогц хөгжилд эцэг эхчүүдийн оролцоо чухал гэж үзэн хамтран ажиллахаар болов.

Завхан аймаг хүүхдэд ээлтэй орон нутаг байх зорилготойгоор хүүхэд нэгдүгээрт гэсэн бодлогыг бүх салбартаа хэрэгжүүлэн ажиллаж байна. Тэгвэл Улиастай хотод ”Хүүхдэд ээлтэй орон нутаг” хөтөлбөрийн хүрээнд НҮБ-ын Хүүхдийн сангийн техникийн дэмжлэгтэйгээр салбар дундын хамтын ажиллагааг сайжруулах үйл ажиллагаа боллоо. “Бага насны хүүхдийн хөгжлийн цогц бодлого”-ыг салбарууд хамтран хэрэгжүүлэх. 

Бага насны хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, сурч боловсрох, хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох эрхийг нь бодитоор хангах. Хүүхдүүдэд зөв хандлага, зан чанарыг төлөвшүүлэхэд эцэг эх, гэр бүл, асран хамгаалагчийн оролцоог хангах зорилготой зөвлөгөөнийг зохион байгууллаа.


Энэ зөвлөгөөнд 24 сумын хоёроос таван хүүхдийн эцэг, эх асран хамгаалагчдын төлөөлөл, тусгай хэрэгцээт хүүхдийн эцэг, эхийн зөвлөлийн гишүүд, цэцэрлэгийн эрхлэгч гээд 217 хүн оролцлоо.

Зөвлөгөөнд аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал оролцож, “Бага насны хүүхдийн хөгжилд багшийн үүрэг, оролцоо, үлгэр дуурайлал маш чухал. Мөн эцэг эхчүүдийн оролцоо ч чухал юм. Ялангуяа цэцэрлэгийн багш бол ирээдүйн иргэнийг бэлддэг амаргүй бөгөөд хариуцлагатай ажилтай хүн. Аймгаас бодлогын хүрээнд багшийн хөгжил, цэцэрлэгийн орчны аюулгүй байдал, тав тухтай байдал, эрүүл хооллолт, эрүүл аюулгүй гал тогоог бий болгох чиглэлээр анхааран ажиллаж байна. Олон хүүхдийн хоол аюулгүй байх ёстой.

Тиймээс бид цэцэрлэг, сургуулийн гал тогооны тоног төхөөрөмжийг шинэчлээд зогсохгүй. Тогооч нарын ур чадварыг сайжруулах, хүүхдийн хоолны чанар стандартыг хангуулах талаар бодлоготой, төлөвлөгөөтэй, хариуцлагатай хамтран ажиллана гэдгийг онцоллоо.


Зөвлөгөөний хүрээнд бага насны хүүхдийн асаргаа халамж, хөгжил боловсрол, эрүүл мэнд, зохистой хоол тэжээлийн талаарх мэргэжлийн байгууллагуудын судалгаа, мэдээлэл илтгэлийг оролцогчдод өглөө.


Мөн хүүхдийн хүмүүжлийн эерэг арга, сургуулиудын дэргэдэх эцэг эхийн клубийн үйл ажиллагааны сайн туршлагуудын талаар харилцан мэдээлэл солилцож, нээлттэй саналаа ярилцсан зөвлөгөөн боллоо. Ингээд зөвлөгөөнөөс цэцэрлэгүүдийн дэргэд буюу 24 сумын эцэг, эхийн клубийг байгуулан ажиллаж, сум орон нутгийн дэмжлэг, салбар дундын хамтын ажиллагааг сайжруулах. Бага насны хүүхдийн хөгжлийн цогц бодлогыг хэрэгжүүлэн, үр дүнгээ тооцож ажилладаг болохыг уриаллаа гэж аймгийн БШУГ-аас мэдээлэв.


Ташрамд хөдөлмөрийн тухай хуулийн 43.3 дахь заалт, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 03 дугаар тогтоолын дагуу Завхан аймгийн 24 сумын 100 гаруй байгууллага эцэг эхийн зөвлөлтэй болжээ. Байгууллага бүр, сургууль бүр, дэргэдээ сайн дураараа нэгдсэн эцэг эхчүүдийг нэгтгэж, зөвлөл байгуулсан аж. Харин өнөөдрийн байдлаар 32 төрийн байгууллага хүүхэд хамгааллын бодлоготой болж, дөрвөн байгууллага байгууллага дээрээ хүүхдийн өрөөг тохижуулжээ.

Related news