Японы Кюүшүгийн технологийн институттэй хамтран ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2022-11-29 16:42:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Сансрын үндэсний зөвлөл, "ONDO Space" ХХК, Япон Улсын Кюүшүгийн технологийн институттэй хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.


Санамж бичигт Монголын сансрын үндэсний зөвлөлийг төлөөлж ЦХХХ-ны сайд, Сансрын үндэсний зөвлөлийн тэргүүн Н.Учрал, Кюүшүгийн технологийн институтийн Ерөнхийлөгч Ясунори Митани гарын үсэг зурав. Ингэснээр харилцаа холбоо, сансар судлалын салбарт орчин үеийн технологийн дэвшлийг нэвтрүүлэх, хүний нөөц бэлтгэх, хөгжүүлэхэд хамтран ажиллах, Монголын оюутан, судлаачид сансар судлалын чиглэлээр Кюүшүгийн их сургуульд суралцах үүд хаалга нээгдэж байгааг ЦХХХЯ мэдээллээ.


Кюүшүгийн Технологийн институт нь Мазаалай хиймэл дагуулын туршилт хөгжүүлэлтээрээ бидний танил болсон байгууллага юм. Дээрх 2 байгууллагын хамтарсан төслөө амжилттай хэрэгжүүлж, олон арван cubesat хиймэл дагуулыг дэлхийн тойрог замд хөөргөн, сүлжээг үүсгэхийг зорьж байна. 


"ONDO Space" ХХК эхний ээлжид технологийн туршилтын 3 хиймэл дагуулыг 2023 онд, ирэх 5 жилд 176 ширхэг ижил төрлийн хиймэл дагуулыг дотооддоо бүтээн, сансарт хөөргөхөөр төлөвлөжээ. Эдгээр хиймэл дагуул ажилласнаар үүрэн холбооны сүлжээ ороогүй газраас ч мэдээлэл дамжуулах боломжтой болж, машин хоорондын харилцаа, алсаас удирдах систем, IoT зэрэгт чиглэсэн үйлчилгээ үзүүлэх юм.


Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан Монгол, Японы харилцааны гүүр болж буй, мэргэжлийн сумогийн 69 дэх их аварга Хакухо Даваажаргал санамж бичигт гарын үсэг зурах үйл ажиллагаанд оролцож, үйл ажиллагаанд нь амжилт хүсжээ.

 

Related news