ХОВД: ИТХ-ын 10 дугаар хуралдаанаар найман асуудлыг хэлэлцэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-12-01 14:18:42

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн ИТХ-ын 10 дугаар хуралдаан өнөөдөр төлөөлөгчдийн 85 хувийн ирцтэй эхэллээ.


Хурлын хүрээнд тус аймгийн ИТХ болон Засаг даргын үйл ажиллагааны тайлан, цаашдын зорилго зорилт,  2022 оны хөгжлийн төлөвлөгөөний биелэлт, 2023 оны төсвийн төсөл, газар зохион байгуулалтын 2023 оны төлөвлөгөө, "Шинэ Ховд” үйлдвэрлэл технологийн паркийн ерөнхий төлөвлөгөө зэрэг  8 асуудлыг хэлэлцэж байна.


Энэ удаагийн хуралдаан нь Монгол Улсад  Нутгийн өөрөө удирдах байгууллагын шинэ тогтолцоо үүсэж хөгжсөний түүхт 30 жилийн ойтой давхцаж байгаагаараа онцлогтой.


Өнгөрсөн 30 жилийн хугацаанд Ховд аймгийн Нутгийн өөрөө удирдах байгууллагад иргэдийн чөлөөт найман удаагийн сонголтоор нийт давхардсан тоогоор аймгийн ИТХ-д 302, сумын ИТХ-д 2954 төлөөлөгч сонгогдон ажилласан байна.


Энэ жилийн тухайд аймгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийг шинэ шатанд гаргах, үйлдвэрлэгч аймаг болох зорилтын дагуу Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Агро парк, Эко цeмeнтийн үйлдвэр барих, "Гурван сэнхэр төвтэй таван од" аялал жуулчлалын хөтөлбөр, "Хашаандаа сайхан амьдарья" төсөл хэрэгжүүлэх зэргийг баталж,  хөгжлийн тэргүүлэх чиглэл болгон ажиллаж байна гэдгийг албаныхан онцоллоо.


Хуралдааны үйл ажиллагаа үргэлжилж байна.




Related news