ОРОН НУТГИЙН ТӨСӨВ: Өмнөговь аймаг 2023 онд 648,5 тэрбум төгрөгийн төсөв баталлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2022-12-03 19:47:39

Өмнөговь /МОНЦАМЭ/ Аймгийн ИТХ-ын ээлжит есдүгээр хуралдаан 2022 оны 12-р сарын 1-ний өдөр хуралдаж, 23 асуудлыг хэлэлцлээ.


Хурлаар 2023 оны төсвийг 648,5 тэрбумаар баталсан бөгөөд 42.2 хувь буюу 273.6 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэх юм. Орон нутгийн төсөвт 52.4 хувь буюу 339.8 тэрбум төгрөгийг төвлөрүүлж, төсөл хөтөлбөр, арга хэмжээнд зориулах бөгөөд 5.4 хувь буюу 35.2 тэрбум төгрөгийг урсгал зардалд төлөвлөн баталлаа.


Мөн хуралдаанаар орон нутгийн төсвөөр цалинждаг алба хаагчдын цалинг 100 хүртэл хувиар, улсын төсвөөр цалинждаг байгууллагуудын алба хаагч нарын цалин хөлсийг ИТХ, ЗДТГ-ын эрх үүргийн хэмжээнд “Нутгийн дэм хөтөлбөрөөр сардаа 400.000 төгрөгөөр нэмэгдүүлэх тухай саналд нэгдэн шийдэлд хүрч баталсан байна. Сүүлийн үеийн стандартаар барьж байгаа спорт заал, номын сан, үйлчилгээний төв зэрэг багтсан 11 давхар цогцолбор бүхий Улаанбаатар хот дахь Өмнөговь аймгийн 500 оюутны хотхоны барилгын үлдэгдэл төсөв болох 3.4 тэрбум, гадна шугам сүлжээний 1.2 тэрбум нийт 4.6 тэрбум төгрөгийг  2023  оны  төсөвт суулгахаар шийдвэрлэжээ.


Хүн амын нягтрал, эдийн засгийн чадавх, газар зүйн байршил зам харилцааны нөхцөлийг харгалзан төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулж сайжруулах зорилгоор Даланзадгад сумын 1-р багийг хувааж 9-р баг буюу Чандмань, 6-р багийг хувааж 10-р баг буюу Начин гэж шинээр 2 баг байгууллаа.

Баг байгуулах тухай асуудлыг төлөөлөгчдийн 100 хувийн саналаар баталсан байна. Хурлын шийдвэрлэсэн баримт бичгийг харахад алба хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлж, амьдрах орчин нөхцөлийг сайжруулахад анхаарч, барилга байгууламж хот тохижилт бүтээн байгуулалтууд хийсэн, сум орон нутгийн хөгжлийн төлөвлөгөөнд тодотгол хийж, түгээмэл тархацтай ашиг малтмал, газрын тосны хайгуулын сонгон шалгаруулалт болон тусгай зөвшөөрөл олгох зэрэг ажлууд бодлого төлөвлөгөөний дагуу хийсэн их бүтээн байгуулалтын жил байх төлөвтэй. 

 

          

Related news