ДАРХАН-УУЛ: “Өсвөрийн парламент”-ын сурагчид судалгаанд үндэслэн тулгамдсан асуудлаа шийдвэрлүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2022-12-19 14:09:23

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын дэргэдэх Өсвөрийн парламент”-ыг Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн 19 шилдэг сурагчдын бүрэлдэхүүнтэйгээр хоёр дахь удаагаа байгууллаа. 2022-2023 оны хичээлийн жилд үйл ажиллагаа явуулах уг “Өсвөрийн парламент” өнгөрсөн долоо хоногт анхны хурлаа зохион байгуулав.

Өсвөрийн парламент нь нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага болон ИТХ-ын хуралдаан, хуралдааны дэг, үйл ажиллагааны талаар өсвөр үе хүүхэд, залуучуудад таниулах, тэдэнд хүний эрхийн боловсрол, ардчиллын үнэт зүйлсийг танин мэдүүлэх, мэдлэг боловсролыг дээшлүүлэх зорилготой аж. Түүнчлэн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг гэмт хэрэгт өртөх, холбогдохоос урьдчилан сэргийлэх нөлөөллийн ажлуудыг зохион явуулах юм. Ингэснээр бүтээлч оролцоотой иргэн төлөвшүүлэх, хүүхдийн эрхийн асуудлаар орон нутгийн шийдвэр гаргах түвшинд хүүхдүүдийн дуу хоолойг хүргэж ажиллах зохицуулалттай ажээ.

Нээлтийн үйл ажиллагааг аймгийн ИТХ-ын дарга С.Насанбат эхлүүлж, “Өсвөрийн парламент” нь тогтмол үйл ажиллагаатай байлгах, хүүхэд, залуу үеийн төлөөлөл болж, тэдний хүсэл сонирхлыг төрд илэрхийлэх, хөгжүүлэх эрхэм үүргийг баримтлан ажиллана гэв.

“Өсвөрийн парламент”-ын төлөөлөгч сурагчид өөрсдийн хийсэн судалгаанд үндэслэн хүүхдийн эрхтэй холбоотой тулгамдаж буй асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар санал санаачилга гаргаж, төсөл боловсруулан хэрэгжүүлэх аж. Тэдний гаргасан саналыг бодит ажил хэрэг болгоход аймгийн ИТХ, ЗДТГ, ГХУСАЗСЗ анхаарч ажиллах ажээ.

Нээлтийн үйл ажиллагаанд сургуулиудын Өсвөрийн парламент бүлгэмийн сурагчид чиглүүлэгч багш нарын хамт оролцсон ба 2022-2023 онд аймгийн Өсвөрийн парламентын Төлөөлөгч сурагчаар сонгогдсон сурагчид болон үйл ажиллагааг танилцуулахын зэрэгцээ “Үндсэн хуулиа дээдлье, мэдье, түгээе”, “Авлига өнөөдрийн нийгмийн хорт хавдар” сэдвээр Өсвөрийн парламентын төлөөлөгч сурагчид илтгэл тавьж, мөн Шинэ үндсэн хуулийн талаар болон авлигын хуулийн талаарх мэдээлэл, сургалт зохион байгуулав.

 

Related news