СХД-ийн иргэд олон улсын стандартад нийцсэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах боломжтой болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. СХД-ийн иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг чанартай, түргэн шуурхай, тэгш хүртээмжтэй, олон улсын стандартад нийцсэн хэлбэрээр үзүүлэх зорилгоор барьсан “Эрүүл мэндийн төв”-ийн өргөтгөлийн барилгын ажил дуусч, ашиглалтад орууллаа.
Энэ үеэр ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, “СХД-ийн Эрүүл мэндийн төвийн найман давхар өргөтгөлийн барилга 2019 онд ашиглалтад орох ёстой байсан хэдий ч хэд хэдэн шалтгааны улмаас ажил саатаж, 2022 онд ЭМЯ-наас нэмэлт санхүүжилтийг шийдвэрлэснээр өнөөдөр барилгын ажил дуусч, ашиглалтад орлоо. Тус төв иргэдэд үндсэн тусламж, үйлчилгээг үзүүлэхээс гадна мэс заслын тусламж, үйлчилгээг үзүүлэх боломжтой болсон. Ингэснээр дүүргийн иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ илүү хүртээмжтэй хүрэх боломжтой болж байна. Үүнээс гадна 2021 онд гүйцэтгэлийн санхүүжилтэд шилжсэн байгаа энэ үед эмнэлэг хүртээмжээ нэмэгдүүлнэ гэдэг нь санхүүжилт нэмэгдэнэ гэсэн үг юм. Цаашид Азийн хөгжлийн банктай хамтран Хан-Уул, Чингэлтэй дүүрэгт жишиг эмнэлэг барих ажлыг ирэх онд эхлүүлэхээр төлөвлөж байна гэв.
2019 онд ашиглалтад орох ёстой байсан барилгын зураг төслийг гүйцэтгэгч компани эмнэлгийн өргөтгөлийн зургийг дутуу зурснаас нэмэлт санхүүжилт шаардлагатай болж, ашиглалтад орох боломжгүй болсон байсан. Тэгвэл ЭМЯ-наас 1.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэснийг СХД-ийн Эрүүл мэндийн төвийн захирал Ч.Өнөрсайхан хэллээ.
Энэхүү өргөтгөл 200 ортой яаралтай тусламж, хавдрын хөнгөвчлөх эмчилгээ, мэс засал, хэвтэн эмчлүүлэх тасаг иргэдэд эмчилгээ үйлчилгээ үзүүлэх юм. Уг өргөтгөл ашиглалтад орсноор СХД-ийн иргэд олон улсын стандартад нийцсэн ая тухтай орчинд эмнэлгийн тусламж, үйлчилгээ авч, эмч ажилтнуудын ажиллах орчин нөхцөл сайжирч, эмнэлгийн үйлчилгээний чанар, хүртээмж нэмэгдэхээс гадна 40 гаруй ажлын байрыг нэмэгдүүлсэн байна. Энэхүү бүтээн байгуулалтыг Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Хөх бүрдний эх” ХХК гүйцэтгэжээ.