Монгол Улсын Ерөнхийлөгч БНХАУ-д айлчилснаар байгаль орчны хамтын ажиллагаанд их ахиц дэвшил гарч буйг онцлов

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2022-12-23 13:40:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн уур амьсгал дулаарч буй өөрчлөлт, биологийн олон янзын байдал хомсдож, цөлжилт нүүрлэн, байгаль орчин доройтож буй экологийн эмзэг байдал хөрш Монгол Улс, БНХАУ-ын хувьд хамтран шийдэх хурцадмал асуудал болсон.


Хоёр улс нь байгалийн эмзэг тогтоцтой говь, тал хээрийн бүс нутгаар хиллэдэг, урт хугацааны турш байгаль орчноо хамгаалахад харилцаа холбоо, хамтын ажиллагааг экологийн аюулгүй байдлыг ханган хамтран бэхжүүлэхэд бүх шатанд ажиллаж ирсэн. Энэ хүрээг цаашид сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын хүчин чармайлт, манлайллаар нэмэгдүүлэх зорилгоор хоёр орны сэтгүүлчид өнөөдөр чууллаа.


Экологи орчинг хамгаалж, эдийн засгийн хөгжлийг ханган, байгаль орчны чиглэлээр хамтран ажиллах нэн шаадлага тулгарсаар. Үүнд хоёр орны хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид хамтран хүчин зүтгэх хэрэгтэй байгааг Монгол Улс, БНХАУ-ын хэвлэл мэдээллийн XIII форумоор хөндлөө.


Сүүлийн 3 жил цахимаар зохион байгуулж ирсэн тус форум энэ жил Монголд болж байна. Долоо дахь удаагийн форум энэ удаа "Ногоон дэлхийн төлөө сэтгүүлчид нэгдэцгээе" уриан дор хоёр улсын байгаль орчин, экологийн тулгамдсан асуудлыг хөндөж буйгаар онцлог болж байна.





Форумын нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэвлэл мэдээллийн албаны дарга Ө.Золбаяр оролцож, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын мэндчилгээг хүргэлээ. Тэрээр, форум цаг үеэ олсон, чухал сэдвийг хөндөж буйг онцолж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-д айлчлах үеэр байгаль орчин, экологийн тулгамдсан асуудлын талаар хэлэлцэж, манай улсын “Тэрбум мод” төсөлд хамтран ажиллана гэдгээ илэрхийлсэн.

Цаашдаа урд хөрштэйгөө хамтран шар шороон шуурга, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг олон төсөлт ажлыг хэрэгжүүлнэ. Үүнд хоёр улсын сэтгүүлч та бүхний үүрэг, оролцоо нэн чухал байгааг тэмдэглэн хэлэв.



УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Саранчимэг мөн оролцон мэндчилгээ дэвшүүлж, форумын үндсэн илтгэлийг Монгол Улсын талаас БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, БНХАУ-ын талаас тус улсын Экологийн орчны сайд Хуан Рүньчю нар тавьсан юм. БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ “Хүн төрөлхтөн байгаль, экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулсан үйлдэл хийсээр ирсэн. Хэт их хөгжил рүү тэмүүлж, эдийн засаг, үйлдвэржилтдээ анхаарсаар байгалийн баялаг нөөцөө шавхаж, амьдарч буй газар нутгаа сүйрүүлжээ. 

Сүүлийн үед тулгамдсан асуудлыг хөндөхөд хүнсний аюулгүй байдал хамгийн том асуудал болж байна. Бид 2030 он хүртэл энэ хэвээр явсаар байвал 2050 он гэхэд дэлхий мөхлийн аюулд хүрэх магадлалтай гэж дэлхийн эрдэмтэд тогтоосон”-ыг дурдлаа


Хоёр орны сэтгүүлчид харилцан зорчиж, байгаль хамгаалах чиглэлээр тус тусын улсын хэрэгжүүлж буй бодлого, чиглэл, үйл ажиллагааг газар дээр сурвалжлан туршлага болгохоор зорилгоор хамтран ажиллахаар тогтлоо.


 

Энд оролцож буй БНХАУ-ын Бүх Хятадын сэтгүүлчдийн холбооны дэд ерөнхийлөгч Лю Сы-Ян, энэ удаагийн форум байгаль орчин, экологийн чиглэлээр, өндөр ач холбогдолтой болж буйг онцоллоо. Монгол Улсын төрийн тэргүүн БНХАУ-д айлчилж, хоёр орны байгаль орчны чиглэлээр хамтран ажиллахад маш их ахиц дэвшил гарсныг тэмдэглэн хэлж байв. 


Хоёр орны сэтгүүлчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан манай улсад хэрэгжүүлж буй “Тэрбум мод” хөдөлгөөн зэрэг бусад санаачилга, хөтөлбөрт нийгмийн бүх салбарын мэргэжилтнүүдтэй нэгдэн хамтран ажилласнаар хөрш орнуудын хэмжээнд байгаль орчноо хамгаалах нэгдмэл ойлголттой болж, энэ хүрээнд ХМХ-үүд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлж, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулна гэдэгт форумд оролцогч нар санал нэг байна.



Форумд хоёр орны хэвлэл мэдэлэлийн байгууллага, экологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төр, хувийн хэвшлийн төлөөлөл 120 гаруй хүн оролцож, “Ногоон дэлхийн төлөө сэтгүүлч нар нэгдэцгээе” уриан дор Улаанбаатар хот болон БНХАУ-ын нийслэл Бээжин болон тус улсын ӨМӨЗО-ны Хөх хотоос цахимаар оролцон чуулав.


Форумд “Майнинг инсайт” сэтгүүлчийн тоймч сэтгүүлч Б.Баяртогтох байгаль экологийн чиглэлээр сэтгүүлчид мэргэшиж буйг танилцуулж, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхэд сэтгүүлчид чухал үүрэгтэйг тодотгов. “MGL radio 88.3”-гийн редактор, хөтлөгч Г.Ариунчулуун байгаль орчны чиглэлээр үндэсний контент бэлтгэх талаар танилцууллаа.

БНХАУ-ын талаас, сэтгүүлч нар ногоон дэлхийг хамгаалахад гүйцэтгэх үүргийн талаар Монгол Улсад суугаа “Ардын өдрийн сонин”-ы сэтгүүлч Хүе Вэнь танилцуулсан бол “Өвөр Монголын өдрийн сонин”-ы дэд эрхлэгч Лхамжав, Хятадын Радио, телевизийн Монгол сайтын эрхлэгч Урнаа нар бусад сэдвээр илтгэл тавилаа.




Чуулганаар хоёр орны ХМХ-үүд байгаль орчныг хамгаалах чиглэлээр үндэсний контентуудаас гадна хамтарсан хэлбэрээр ажиллах, мэдээ, нийтлэл сурвалжлага хамтран бэлтгэхээр болж, “Ногоон дэлхийн төлөө сэтгүүлч нар нэгдэх” уриалга гаргалаа. 




Related news