ӨВӨРХАНГАЙ: Бүсийн оношилгоо, эмчилгээний төв тусламж, үйлчилгээндээ шинэчлэл хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-12-28 18:37:38

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Төрийн үйлчилгээний талаар иргэдээс ирүүлсэн санал гомдлын багагүй хувийг БОЭТ-ийн үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл эзэлдэг.

2022 онд 70321111 утсаар БОЭТ-д хамааралтай 46 гомдол ирснээс 24 хувийг цахим бүртгэлийн цаг олголт, 17 хувийг эмч нарын харилцаа хандлага эзэлж байгаа бол тусламж үйлчилгээ, цаг хүлээгдэл, эм хангамжтай холбоотой гомдол тус бүр 11 хувийг, эмч цагтаа үзээгүй гэх гомдол 9 хувийг, 103-ын дуудлагатай холбоотой гомдол 8 хувийг эзэлж байна.


БОЭТ-ийн захиргаанаас иргэдийн санал, гомдолтой холбогдуулан зарим өөрчлөлтийг хийснээр эмнэлгийн тусламж, үйлчилгээтэй холбоотой гомдол буурч байгаа аж. Тухайлбал, 103 дугаарт дуудлага авахад шинэ, төгсөж ирсэн эмч нар ажиллаж байсан бол одоо 5-аас дээш жил ажилласан, туршлагатай эмч нарыг 18.00 цагаас хойш жижүүрт ажиллуулснаар өвчтөнг хүлээлгэлгүй, газар дээр нь тусламж үзүүлэх боломж бүрджээ.


Мөн яаралтай тусламжийн хэсгийг хүүхдийн болон том хүний гэж хоёр хувааж, нарийн мэргэжлийн эмч нарыг 24 цагаар жижүүрлэн ажиллуулах, хүүхдийн жижүүрийн эгнээг хоёр болгож, тасгаар болон хүүхдийн яаралтай тусламжийн эрэмбийн хэсэгт үзлэг хийх боломжоор хангасан байна.

Цаг хүлээгдлийг багасгах үүднээс ерөнхий дотрын хоёр амбулатори, Хүүхдийн мэдрэлийн амбулатори, Нярайн амбулатори, Толгой хүзүүний амбулатори, Бөөрний амбулаторийг нэмэх, Шүд, эрүү, нүүрний амбулатори бямба гарагт ажиллах зэрэг арга хэмжээг авчээ.


Аймгийн БОЭТ нийт 19 амбулаторитой бөгөөд өдөрт 500-550 хүн үзүүлж, 200 хүн шинжилгээ өгч байна. Өнгөрсөн жил 81059 хүнд цаг олгож байсан бол энэ жилийн цаг олголт 100 мянга гараад байна. 

Related news