“Өргөө амаржих газар”-т Төрөх, төрсний дараах тусгай тасгийг ашиглалтад орууллаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн яамны 245
сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Өргөө амаржих газар” төрөлжсөн мэргэшлийн
эмнэлэгт хийсэн “Төрөх, төрсний дараах
тусгай тасаг”-ийн иж бүрэн засварын ажил дуусч, ашиглалтад орлоо.
2022 онд ЭМЯ-наас эх, нярай, хүүхдэд үзүүлэх эрүүл мэндийн
тусламж, үйлчилгээнд онцгой анхаарал хандуулж, улсын хэмжээнд 4.8 тэрбум
төгрөгийн санхүүжилтээр төрөх тасаг болон хүүхдийн тасгуудын орыг бүрэн
шинэчлэн сольж, хамгийн сүүлийн үеийн олон үйлдэлт орыг суурилуулсан.
Нээлтийн үеэр ЭМЯ-ны
Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, “Энэ
жил бид эх, нярайн орнуудыг 100 хувь шинэчилсэн бөгөөд Өргөө амаржих газарт 335
орыг төрөх болон хэвтэн эмчлүүлэх тасагт хүлээлгэн өгсөн. Үүнээс гадна Нэгдсэн
хүлээн авах яаралтай тусламжийн тасгийн иж бүрэн засварын ажлыг 350 сая гаруй төгрөгөөр хийсэн бол өнөөдөр ийнхүү Төрөх,
төрсний дараах тусгай тасаг ашиглалтад орж байна. Мөн тус эмнэлэгт дижитал
суурин рентген аппарат, зөөврийн рентген аппарат, түргэн тусламжийн машин гэх
мэт нийт 1,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 27 нэр төрлийн 67 тоног,
төхөөрөмжийг хүлээлгэн өгөөд байна” гэв. Мөн тэрээр “Өргөө амаржих газрын захирлыг сонгон шалгаруулах ажил
хуулийн дагуу зарлагдаж, өчигдөр материалаа хүлээн авч дууссан. Энэ сарын 30-ны
өдөр сонгон шалгаруулалт хийнэ” гэлээ.
Өргөө амаржих газар төрөлжсөн мэргэшлийн
эмнэлгийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Батболд хэлэхдээ “ЭМЯ-наас энэ оныг Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, чанар аюулгүй байдлыг
дээшлүүлэх жил болгон зарласан. Үүнтэй холбоотой ЭМЯ-ны хөрөнгө оруулалтаар иргэдэд тусламж, үйлчилгээг ойртуулах,
чанартай үзүүлэх зорилгоор Төрөх, төрсний дараах VIP тасгийг ашиглалтад оруулж
байна” гэв.
Олон
улсын стандартад нийцсэн тус VIP төрөх өрөөнд төрөх эх гэр бүлийнхэнтэйгээ байрлах боломжтой бөгөөд
төрөх үйл явцад ч гэр бүлийнхэн нь хамт байх боломжтой аж. Өрөө тус бүр 00,
душ, амралтын хэсэгтэй. Эхний ээлжинд VIP өрөөний төлбөр 60 мянган төгрөг
байх тооцоолол гарч байна. Үүнийг хувийн төрөх эмнэлгүүдийн ижил үйлчилгээтэй
харьцуулахад 16-20 дахин хямд үнэ юм.
Ташрамд дурдахад 10
дугаар сараас хойш тус эмнэлэг гурав болон дөрөвдүгээр улирлын үр дүнгийн
урамшууллыг нийт ажилчдад бүтэн олгоод байна.