ДУНДГОВЬ: “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 122 884 мод тарьж, ургуулаад байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-01-02 17:29:22
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймаг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Дундговио ногооруулья” дэд хөтөлбөр хэрэгжүүлж, 2022 онд 122884 мод тарьж, ургуулаад байна.

Эх дэлхий, байгаль орчноо хайрлаж, зохицон амьдрах монгол уламжлал, зан заншлаа эрхэмлэн, дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалж, нэмэгдүүлэх экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг санаачлан өрнүүлж байгаа.

Тус хөдөлгөөнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд Дундговь аймаг 2030 он хүртэл 30,0 сая мод тарих амлалт авч, БОАЖЯ-тай гэрээ байгуулжээ. Энэ хэмжээний модыг тарьж, ургуулах амлалтаа биелүүлэхийн тулд жилд 3,0 сая гаруй мод тарьж ургуулах тооцоо гарч байна.

Тус аймгийн хувьд 2021 онд 60 гаруй мянган мод, энэ жил 122884 мод тарьсан гэвэл 2022 оны жилийн эцсийн байдлаар амлалтынхаа 0,6 орчим хувийг хангажээ.

Гэхдээ аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат өнгөрсөн хоёр жилийн хугацаанд иргэдээ идэвхжүүлэх, сургах, үрсэлгээ хийх газруудыг газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулж, батлуулах, сум, аймгийн төвд агропарк байгуулах, тэдгээрийн ТЭЗҮ-ийг боловсруулах зэрэг бэлтгэл ажлыг хангаж ажилласан гэдгээ онцолсон юм.  

Аймгийн ИТХ-ын хурлаар 2022 онд 118,9 сая төгрөг батлуулан мод тарих, усжуулалт, бордоо, хөрс хамгаалах, худаг гаргах, ногоон байгууламж нэмэгдүүлэх зэрэг үйл ажиллагаанд зарцуулж, “Ногоон хөгжил” зөвлөгөөн, “Дундговио ногооруулья” танхимын сургалт, “Өвлийн нарлаг хүлэмжид нарийн ногоо тарих” болон “Сум дундын ойн ангийн мод үржүүлгийн талбайд үрээр, мөчрөөр тарих үзүүлэх сургалт” зохион байгуулж 193 хүнийг хамруулжээ. Түүнчлэн Өмнөговь аймгийн агропаркийн хүлэмжийн аж ахуй, алимны төгөлд туршлага судлах үйл ажиллагаанд 36 иргэн оролцсон байна.   

Өнгөрсөн оны хаврын бүх нийтээр мод тарих үндэсний өдрөөр аймгийн төв Цэнгэлдэх хүрээлэнгийн орчимд ТББ-уудтай хамтран мод тарьж тохижуулах, Сайнцагаан суманд “Аривжих” төгөл, Сайхан-Овоо суманд шинээр 7 га талбайд цэцэрлэгт хүрээлэн байгуулж:, "Арвижих" төгөлд гүн өрмийн худаг гаргажээ.

Бага газрын чулуу байгалийн үзэсгэлэнт газарт үйл ажиллагаа явуулдаг “Эрдэнэ Ухаа” жуулчны бааз 4 га талбайд мод үржүүлгийн газар байгуулж, хүлэмжид гүйлс, бүйлс, хайлаас, монос, голт бор зэргийг үрээр тарьж, аймгийн Онцгой байдлын газар Сайнцагаан суманд 4500 чацаргана, 1500 хайлаас, Хулд суманд 1000, Эрдэнэдалай суманд 1500 мод тарьж, усалгааны систем суурилуулж, худаг гаргажээ.

Түүнчлэн аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид гэр бүлээрээ 1 га талбайд “Цагдаа төгөл” шинээр байгуулж, 300 улиас, 300 хайлаас, 150 чацаргана суулгаж, “Хөх дэрэм” ХХК Хулд суманд 3 га талбайд мод үржүүлгийн газар байгуулж, хамгаалалтын зурваст 2800 хайлаас, 300 ширхэг улиас мөчрөөр тарьж, 200 мянган шар хуайс, 100 мянган бүйлс, 200 мянган хайлаас үрээр тарьж, 2024 он гэхэд 500,0 мянган тарьц, суулгацыг ногоон байгууламжид гаргахаар төлөвлөн ажиллаж байгаа ажээ.

Орчин үед “Цөлжилттэй тэмцэх олон улсын конвенц”-ээс гаргасан тодорхойлолтыг илүү баримтлах болжээ. Тус конвенцид зааснаар "Уур амьсгалын өөрчлөлт, хүний үйл ажиллагаа хавсарсан олон янзын хүчин зүйлсийн нөлөөгөөр хуурай, заримдаг хуурай, хуурайвтар, чийг дутмаг нутаг оронд газар орчин доройтохыг цөлжилт гэнэ" гэж тодорхойлсон байдаг.

Монгол Улсын нийт бэлчээрийн 90 орчим хувь нь цөлжилт, газрын доройтлын үйл явцад өртөх магадлалтай нутагт хамрагдах бөгөөд цөлжилтийн аюулын зэрэглэл нэмэгдэж, өнөөгийн байдлаар нийт нутаг дэюсгэрийн 72 хувь хүртэл цөлжсөн ба тус үнэлгээ, зураглалын үр дүнгээр Дундговь аймаг “хүчтэй зэрэглэл”-д хамрагдаж байгааг “Дундговио ногооруулья” аймгийн дэд хөтөлбөрт дурджээ.

Энэхүү уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтлыг бууруулахад “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн онцгой үүрэг гүйцэтгэх ба цаашид Дундговь аймаг 2030 он хүртэл 30,0 сая мод тарьж ургуулах амлалтаа биелүүлэхэд иргэн бүрийн хүчин чармайлт чухал.  

Related news