ДУНДГОВЬ: Импортыг орлох, экспортод чиглэсэн үйлдвэрлэл хөгжүүлэхийг зорьж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-01-05 12:23:36
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн ЗДТГ-ын мэдээлснээр тус аймгийн ДНБ-ий хэмжээ 332,5 тэрбум төгрөг бөгөөд түүний 56,8 хувийг ХАА, 30,2 хувийг үйлчилгээ, 13 хувийг үйлдвэрлэл бий болгож байна.  

Өөрөөр хэлбэл тус аймаг, МАА-д суурилсан эдийн засагтай, хүнсний бүтээгдэхүүн (талх, нарийн боов, өндөгний аж ахуй) үйлдвэрлэдэг цөөн хэдэн үйлдвэртэй. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Хүнсний хангамж - Аюулгүй байдал” Үндэсний хөдөлгөөн улс орон даяар өрнөж, аймаг бүрт нээлтээ хийсэн. Энэхүү үйл ажиллагааны хүрээнд Дундговь аймгийн Хүнсний үйлдвэрүүдийг цувралаар танилцуулж байна.

Дундговьдоо хамгийн том, хамгийн олон ажилтантай, хамгийн олон бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хэрэглэгчдийн хүнсний хэрэгцээний тодорхой хувийг хангадаг, өөрийн гэсэн сүлжээ дэлгүүрүүдтэй компани бол “Мандалговь хүнс” ХХК юм.

Тус компани Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж- Аюулгүй байдал” Үндэсний хөдөлгөөний хүрээнд орон нутгийн түүхий эдийн нөөцөд тулгуурласан, импортыг орлох, экспортод чиглэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байгаа аж.

Энэ талаар тус компанийн менежер О.Одгэрэлээс тодруулахад “Манай компани тоног төхөөрөмж, технологийн шинэчлэл хийх зорилготой байгаа. 2019 оноос хойш үйлдвэрийн хувьд хүндхэн жилүүд өнгөрлөө. 2 жил ковид гээд, дараа нь түүхий эдийн үнэ ханш өсөж, иргэдийн худалдан авалт багасч, компанийн хувьд ашиг орлого ч буурсан тул эдийн засгийн хувьд хүндхэн байна.  

Ерөнхийдөө эдийн засгийн хүндрэлийг алдагдал багатай, аятайхан давчих санаатай байгаа. Гэхдээ энэ хугацаанд бид үйлдвэрлэлийн тоо хэмжээгээ нэг их бууруулаагүй.

Ажилчид маань бүгд ажлаа хийгээд цалингаа аваад явж байна. Цаашдаа цалинг үе шаттайгаар нэмэх зорилготой. Үйлдвэр ийм хүндхэн байгаа үед “Хүнсний хангамж-Аюулгүй байдал” хөдөлгөөнийг улс орон даяар өрнүүлж байгаа нь энэ хүндрэлээс гарах нэг боломж гэж харж байна” гэлээ.

“Мандалговь хүнс” ХХК-ийг 1995 онд байгуулсан. Зах зээлийн үед тус аймагт бий болсон анхны хүнсний үйлдвэр. “Анхны” хэмээн онцлохын учир нь социализмын үед тус аймагт “Говийн тэнгэр” хүнсний үйлдвэр ажилладаг байсан ч тус үйлдвэрийг хувьчилснаар үйлдвэрлэл зогссон юм.

Анхны юм бүхэн хэцүү, бэрхшээлтэй байдаг ч, бүтээсний дараа үнэ цэнтэй байдаг. “Мандалговь хүнс” ХХК-ийн хүнсний үйлдвэр  40 гаруй ажилтантай, үйлдвэрлэлийн 5 цехтэй, аймгийн хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан 60 гаруй нэр төрлийн талх, талхан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг, “Хүнсний манлай үйлдвэр” болжээ.

Өнгөрсөн хугацаанд техник технологийн шинэчлэл тогтмол хийж, жил бүр тодорхой хөрөнгө оруулалтыг төлөвлөн хэрэгжүүлж, бүтээгдэхүүн ажил үйлчилгээгээ  тасралтгүй хөгжүүлсэн байна. Дундговь аймгийн талх, талхан бүтээгдэхүүний хэрэглээний 60-70 хувийг, нарийн боовны 40 орчим хувийг тус үйлдвэр нийлүүлдэг ба үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 40 гаруй хувийг эмчилгээ сувилгаанд нийцсэн талх, сүүн бүтээгдэхүүн эзэлдэг аж.

2018 онд энэ үйлдвэрлэлдээ шинэ технологийг нэвртүүлснээр 2019 онд тухайн үйлдвэрлэлийн борлуулалтыг хоёр дахин нэмэгдүүлж чаджээ. Хэрэглэгчдийн хэрэгцээнд тулгуурлан талх, нарийн боовны үйлдвэрлэлдээ бүхэл үрийн болон хөх тарианы гурил зэрэг үр тариа эрдэс, эслэг, амин дэмийн агууламж өндөртэй түүхий эдийг түлхүү ашиглан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болсон нь хэрэглэгчдийн таашаалд нийцэж, эрэлт ихтэй байдаг.

2020 онд шинээр гаргасан "Онги” бүхэл үрийн талх нь бүхэл үрийн гурилын агууламжийг 80 хувьд хүргэж үйлдвэрлэснээрээ онцлогтой байхад "Мандалговь” жигнэсэн гурил нь хоёрдугаар гурил болон бүхэл үрийн гурилыг зохистой хэмжээнд хольж үйдлвэрлэжээ.

2010 онд БНХАУ-ын HITEL компанийн чихэр үйлдвэрлэх иж бүрэн шугамыг ашиглалтад оруулан “Онги” нэрийн хатуу чихэр үйлдвэрлэснээр аймгийн анхны импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэгч хамт олон болсон.

Үйлдвэрийн цаашдын хөгжлийн талаар О.Одгэрэлээс тодруулахад, “Манай компани Дундговь аймгийн нутгаар урсан өнгөрдөг Онгийн голын нэрээр нэрлэсэн “Онги” брэндийг бий болгохоор ажиллаж байна.

Бүтээгдэхүүнүүд маань чанар стандарт, эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангаж байх ёстой. Тиймээс дотроо дотоод хяналтын лабораторитой. Компанийн лабораторийг 2016-2018 онд хими, микро биологийн гэсэн хоёр хэсэг болгосон. Орчин үеийн иж бүрэн шинжилгээ судалгааны аппаратур, багаж хэрэгслийг ашиглалтад оруулан, дотоод хяналтын лаборатори болгон зохион байгуулж, 2018 онд ISО/IEC17025:2015 чанарын шаардлагыг хангаж гэрчилгээ авсан.

Ер нь манай үйлдвэр аль болохоор хэрэглэгчдийнхээ хэрэгцээнд нийцсэн, шинэлэг бүтээгдэхүүнийг гаргахын тулд технологи, тоног төхөөрөмжөө байнга шинэчилдэг, тийм ч учраас зах зээлийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж яваа гэж боддог.

Дэлхийн технологиор Дундговийн брэндийг үйлдвэрлэнэ гэдэг бол манай уриа юм шүү дээ. Тиймээс цаашдаа зах зээлээ тэлэх, бүтээгдэхүүнийхээ нэр төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх, боловсон хүчний чадавхыг сайжруулах, үйлдвэрлэлийг кластераар хөгжүүлэх зорилготой.

Ковидын үед сав баглаа боодол, дагалдах хэрэгслийн импортоос хамааралтай байдал үйлдвэрлэгч нарын хувьд хүндрэлтэй байсан. Тиймээс дотоодын үйлдвэрүүдийн импортоос хамааралтай байдлыг багасгаж, үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх нь чухал байна. “Хүнсний хангамж-Аюулгүй байдал” Үндэсний хөдөлгөөн ихээхэн үүрэг гүйцэтгэнэ байх.

Компанийн удирдлагууд болон манай хамт олон багаараа бүтээгдэхүүнийхээ нэр төрөл, тоо хэмжээг тасралтгүй өсгөж, хөгжүүлж, иргэдийг чанартай, эко хүнсээр хангах гэж хичээж байна” гэлээ. 

Related news