ДУНДГОВЬ: Ярх уулын дурсгал нь хуучин чулуун зэвсгийн үеийн түүхийг өгүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-01-06 17:26:36
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймагт аялал жуулчлалыг хөгжүүлэх хэд хэдэн давуу тал бий. Тус аймагт

    

    -Сайр усны өртөө болон торгоны, цайны, улаа өртөөний гээд эртний улс, тив хоорондын түүхтэй тэмээн зам,

    -Дэл уул, Ярх уул, Онги, Хөх цавын гээд түүх, археологи, палеонтологийн дурсгал,

    -Харчин түмний болон тэмээний, боржгины гэх мэт соёлын биет ба биет бус өв,

    -Дэлгэрийн Чойрын хийд, Сүм хөх бүрд, Сангийн далай зэрэг шашны дурсгал,

    -Шарангад, Гоожинхой, Хэвтээ босоогийн гэх мэт агуй, байгалийн өвөрмөц тогтоц,

   -Марс төсөл хэрэгжих боломжтой Морин толгойн цав, Цагаан суварга зэрэг эртний далай ёроолын үлдэц бүхий сонин тогтоцтой үзэсгэлэнт газрууд, 

    -Их, Бага газрын чулуу, Цагаан суварга, Дэлгэрхангай уул, Өөш манхан зэрэг байгалийн үзэсгэлэнт газрууд,

  -Байгалийн үзэсгэлэнт газруудад бүтээн байгуулсан урлагийн задгай театрууд гэх мэт Монгол Улсдаа төдийгүй тив, дэлхийд давташгүй, дотоод гадаадын жуулчдыг татах, тэдний сонорыг мялааж, нүдийг баясгах зүйлс арвин бий.


Тодруулбал, Сайхан-Овоо сумын нутагт Өгөдэй хааны өвөлжөө, Онгийн хийд, Буган чулуун хөшөө, Замбага хайрхан уулын хүннүгийн үеийн булш, дундад зууны үед холбогдох шаазан хотын туурь, Гурвансайхан сумын нутагт Ярх уулын хуучин чулуун зэвсгийн бууц суурин, дарханы газар, хүрэл зэвсэг үйлдвэрлэлийн дурсгал, Дэлгэрхангай суманд Өгөдэй хааны нас эцэслэсэн газар, Адаацаг сумын Сүм хөх бүрдэд их хаадын намаржаа, Өлзийт сумын Дэл уулын хадны зураг, Дэлгэрийн Чойрын хийд, Эрдэнэдалай сумын сангийн далай хийдийн Цогчин дугана, дөрвөлжин булш, хиргисүүрийн дурсгалууд, эртний төрт улсуудын үед холбогдох булш бунхан, эртний бэхлэлт, цайз хэрэм зэрэг олон мянган жилийн турш хүмүүсийн аж төрж ирснийг илтгэх түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлсийг дурдаж болно.


Эдгээрээс Дундговь аймгийн төвөөс зүүн тийш 110 км-т Гурвансайхан сумын нутагт орших Ярх уулыг нэрлэж болно. Энэхүү гайхамшигт дурсгал нь одоогоос 300 мянга орчим жилийн өмнөх үед хамаарах бөгөөд судлаачид чулуун зэвсгийн дархны газар хэмээн тогтоожээ.

Хас чулууны хольцтой шаргал өнгийн цахиурлаг чулуугаар хийсэн олон төрлийн багаж зэвсгүүд энд байжээ. Дотор нь чулуун эдлэл хийхээр зориуд бэлтгэсэн залтсууд, хөндлөн огтлолтой гурвалжин хэлбэрийн хатуу цуулдас, чулуу цохьдог талбайн үлдэц, хусуурын төрлийн олон зүйлс эндээс олдсон байна.


Хамгийн сонирхолтой нь гилбэр хэлбэрийн үзүүртэй зэвсгүүд юм. Эдгээр багаж зэвсэг нь хийсэн арга барил болон бусад бүхий л шинжээрээ Өмнөд Ази, Европ, Африкт өргөн тархсан чулуун зэвсгийн үеийн зэвсгүүдтэй адил байжээ. Гилбэр зэвсгүүд нь баргилдуу хоёр хажуугийн хавтгай талыг ялтаслан цуулж зассанаас гадна ирэн талыг хоёр талаас нь ээлжлэн цохиж гаргасан байсан нь европын зарим зэвсэгтэй адил ажээ.

1970 оны үед дэлхийн судлаачид чулуун зэвсгийн соёлыг хоёр бүсэд хувааж, өрнө зүгийн гилбэр хэлбэр гарган хэрэглэдэг соёл, өмнөд ба зүүн Өмнөд Азийн мөлгөр хайрган чулууг хөндлөн хугалж зөвхөн нэг талаас нь ирлэн хэрэглэдэг соёл хэмээн хуваадаг байж.

Оросын археологич А.П.Окладников: “Хуучин чулуун зэвсгийн “Ашел”-ийн соёлын ийм тодорхой шинж төлвийг агуулсан Ярхын соёл нь Европ, Кавказ, Энэтхэг, Африкаас гадна дорнод Азийн хувьд анхны бөгөөд цорын гац юм. Ямар ч атугай Ярхын гилбэр мэсэн зэвсэг нь ашелийн үеийн арга барил, хэлбэр төрхөөрөө умард Хятад, Солонгосын нутгаас ганц нэг олдсон тохиолдлын хэлбэртэй “гилбэр” гэгдэх зэвсэг багажтай зүйрлэшгүй” хэмээн тэмдэглэсэн байна.

Монгол ба Европ гилбэр мэсэн зэвсгийн ижил төсөөтэй байдлыг тус тусдаа үүсэж хөгжсөн хоёр өөр соёл буюу, өөр өөр шатанд амьдарч байсан Ази, Европ хүний аль аль нь чулууг засаж гилбэр зэвсэг хийх нэгэн үзүүр санааг сэдэж олсноор тайлбарлах нь ч бий.

Үүгээрээ Ярх хайрханы хуучин чулуун зэвсгийн үеийн дархны газар нь бичигдээгүй түүхийн хэдэн зууны өмнөх үнэнийг өгүүлсэн, шинжлэх ухааны томоохон нээлт гэгддэг. 





Related news