ДУНДГОВЬ: МАСАМ-2 төсөл иргэдийн бүтээлч оролцоог дэмжиж, нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-01-10 16:15:51
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. “Нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлж, ил тод байдал, оролцоог нэмэгдүүлэх” нь буюу МАСАМ-2 төсөл үргэлжилж байна. 

МАСАМ-2 төсөл нь Монгол Улсын хэмжээнд нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх замаар эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, эрүүл мэндийн салбарын төсвийг  зохистой, үр ашигтай төлөвлөх, төсөвлөх, зарцуулахад иргэд, ИНБ-ын үр дүнтэй оролцоог дэмжиж, төр болон иргэд хамтран эрүүл мэндийн анхан шатны тусламж  үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлж, үйлчилгээг сайжруулах зорилготой. 

“Нийгмийн эгэх хариуцлага” нь төрийн байгууллагууд мэдээллээ тогтмол ил тод, нээлттэй байдлаар хүргэж, иргэд, иргэний нийгмийн байгууллагуудын зүгээс бүтээлчээр оролцож, хяналт тавьж, засаглалын хүндрэлтэй асуудлуудыг шийдвэрлэхэд хамтран ажиллах үйл явц. 

Швейцарын хөгжлийн агентлаг, Нийгмийн эгэх хариуцлагын дэлхийн түншлэлийн санхүүжилтээр Дэлхийн банк, Дэлхийн зөн ОУБ, Глоб интернэшнл төвийн хамтран хэрэгжүүлж буй уг төсөл 2020-2023 онд  хоёр үе шаттайгаар хэрэгжиж байна.

Өнөөдөр Мандалговь хотноо төслийн хоёр дахь үе шатны анхны сургалт эхэллээ. Сургалтад төр, ТББ, хувийн хэвшил, иргэдийн төлөөлөл 30 орчим хүн оролцож, Дэлхийн зөн ОУБ-ын сургагч багш нар нийгмийн эгэх хариуцлага, иргэдийн оролцоо, ил тод байдал, төрийн санхүүгийн удирдлага, улсын хөрөнгө оруулалт, түүнд иргэд оролцох нь, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний төсөв болон үйлчилгээний хүртээмжийн оролцоот хяналт сэдвүүдээр мэдлэг олгож,  оролцогчдыг чадавхжуулж байна.



МАСАМ-2 төслийн хоёр дахь үе шат Дундговь аймагт ийнхүү эхэлж байна. Цаашид сургалтад оролцогчид болон төслийн хүрээнд тус аймагт хамтран ажиллах “Гэрэлтдэг ертөнц” ТББ орон нутагтаа нийгмийн эгэх хариуцлагыг хэрэгжүүлэх санаачилга гарган эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээнд тулгамдсан асуудлыг иргэдийн оролцоотой шийдвэрлүүлэх дэд төслийг хэрэгжүүлнэ. 



МАСАМ-2 төслийн эхний үе шатны үйл ажиллагааг Японы Хүүхдийг ивээх сан, Говийн хөгжил наран ТББ-тай хамтран Дундговь аймагт хэрэгжүүлсэн. Энэхүү төслийн хүрээнд Иргэдийн оролцооны бүлэг байгуулж, энэхүү бүлгийн гишүүдийн оролцоотойгоор Сайнцагаан сумын “Өлзийт мандал” өрхийн ЭМТ-ийн төсвийг ойлгомжтой байдлаар иргэдэд ил тод мэдээлж, тулгамдсан асуудлыг тодорхойлон иргэдэд танилцуулснаар аймгийн ОНХС-ийн төлөвлөлтөд 2 багийн иргэд саналаа хүргүүлж, хууль журмын дагуу шийдвэрлүүлжээ.  

Иргэдээс авсан судалгаагаар өрхийн ЭМТ-өөс эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ авахад дараалал ихээр үүсдэг, ачаалал их, өрөөний хүрэлцээ муу учраас нэг өрөөнд 2-3 эмчилгээ зэрэг хийдэг, тарианы өрөө хүйтэн, хувцас солих өрөөгүй, эмнэлгийн өрөөний хүртээмж нь өрхийн ЭМТ-ийн стандартад хүрдэггүй, түргэний машин хүрэлцээгүй учир иргэдэд цаг алдалгүй үйлчилгээ үзүүлж чаддаггүй зэрэг асуудлуудыг тодорхойлон гаргасан юм. 

Төслийг хэрэгжүүлсэн ТББ болон өрхийн ЭМТ иргэдэд асуудлыг танилцуулсны үр дүнд иргэд ОНХС-ийн төлөвлөлтөд саналаа хүргүүлж, аймгийн ОНХС-ийн төлөвлөлтөд тус ЭМТ-ийн барилгын өргөтгөл хийх 719,6 сая төгрөг, Сайнцагаан сумын ОНХС-ийн төлөвлөлтөд түргэний машин худалдан авах асуудлуудыг тус тус батлуулжээ.

Говийн хөгжил наран ТББ-ын хийсэн судалгаагаар сүүлийн жилүүдэд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг сайжруулах чиглэлээр ийм хэмжээний хөрөнгө оруулалт хийгдээгүй байсан бөгөөд МАСАМ-2 төслийн эхний үе шатанд ийнхүү бодитой үр дүн гарч, иргэд өөрсдийн оролцоотойгоор эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээ авахад тулгамддаг асуудлаа шийдвэрлүүлэх боломж бүрджээ.



Related news