АРХАНГАЙ: Зудын их эрсдэлтэй сумдад аймгийн 18 сум оржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-01-13 11:00:44

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээлснээр зудын нэн эрсдэлтэй сумдад Цахир, Хангай, Хашаат, Өгийнуур, их эрсдэлтэйд Эрдэнэбулган сумаас бусад бүх сум, харин хүндэрсэн сум нь Эрдэнэбулган байна хэмээн мэдээллээ.


Монгол Улсын Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнд 2022-2023 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг баг бүрийн бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ, бэлчээр ашиглах хугацаа зэрэг мэдээлэл дээр үндэслэн багийн нутгаар тооцоолж гаргадаг.

 

Архангай аймгийн бэлчээрийн даацыг үзвэл нутгийн  6.5  хувь нь бэлчээр нөөцтэй, 15.4 хувь нь бэлчээр хүрэлцээтэй, 66.5 хувь нь 1-3 дахин хэтэрсэн, 10.2 хувьд даац 3-5 дахин хэтэрсэн, 1.5 гаруй хувьд нь олон дахин хэтэрсэн байдалтай байна.

Өөрөөр хэлбэл, өвөл, хаврын бэлчээрийн даац нутгийн 20 гаруй хувьд хүрэлцээтэй, харин 80 орчим хувьд нь хэтэрч гарсан.


Өнгөрсөн зун бэлчээрт нэг наст болон хөл газрын ургамал голдуу ургасан, ургамал тачир, сийрэг байгаагаас  нэгжийн ургац бага, ихэнх суманд малын тооны хэт өсөлт  их байгаатай холбоотой бэлчээрийн даац хэтэрсэн нь зудын эрсдэлийг нэмэгдүүлж байна гэж мэргэжлийн байгууллагууд үзжээ.


2023 оны энэ өвөл 19 сумын 101 багийн 8207 хот айлд 19.4 мянган малчин болон мал бүхий өрхийн 5.8 сая толгой мал өвөлжиж байна.

Related news