АРХАНГАЙ: Гурван компанид түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах зөвшөөрөл олгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-01-13 14:18:34

Архангай /МОНЦАМЭ/. Ашигт малтмал эрэх хайх, ашиглах үйл ажиллагаанд хяналт тавьж, уурхайлалтад өртсөн талбайг нөхөн сэргээнэ гэсэн заалт аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан байдаг. Үүний хүрээнд иргэд, аж ахуй нэгжийн хэрэгцээнд түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах талбайн байршлыг нөөц судлагдаж, тогтоогдсон орд газруудад тогтоож өгөх, шаардлага хангасан хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох ажлыг 2022 онд хийжээ.

 

Тус онд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн 9, ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн 2 өргөдөл аймгийн ЗДТГ-т ирснийг хянан, Ашигт малтмал газрын тосны газраар хянуулахаар кадастрын бүртгэл системээр хүргүүлсэн байна.

 

Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Ашид бэхи”, “Бодь-Ар” ХХК-д эрдэс баялгийн зөвлөлийн дүгнэлт, үндэсний геологийн албаны даргын тушаалыг үндэслэн, Ашигт малтмал газрын тосны газрын Уул уурхайн кадастрын хэлтсээр хянуулсны үндсэн дээр Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг 15 жилийн хугацаагаар, “Цагаансүмбэр” ХХК-д түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг хуулийн дагуу олгоод байна.


2021 онд 4 аж ахуй нэгжид түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулийн тусгай зөвшөөрөл, Засгийн газрын 2014 оны 222 тогтоолыг үндэслэн 1 аж ахуй нэгжид түгээмэл тархацтай ашигт малтмалыг ашиглах зөвшөөрөл олгож байжээ. 

Related news