ХОВД: Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох бодлогын зөвлөмж боловсруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-01-14 15:23:04

Ховд /МОНЦАМЭ/. Монгол орны агаарын дундаж температур сүүлийн 60 жилийн хугацаанд 2.4 хэмээр дулаарсан нь дэлхийн дунджаас 3 дахин илүү байна гэж судлаачид тогтоожээ.

Иймд байгалийн олон хүчин зүйл тэдгээрийн нийгэм эдийн засагт үзүүлэх нөлөөг олж илрүүлэх нь дасан зохицох, үр ашигтай төлөвлөлт, бодлого гаргахад чухал ач холбогдолтой гэж үзэн Шинжлэх ухааны академийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид Норвеги улсын Осло их сургуультай хамтран томоохон хоёр төсөл хэрэгжүүлж байна.

Энэ хүрээнд холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран “Байгаль орчин, нийгэм, эдийн засгийн эмзэг байдалд үзүүлэх уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө ба шинжлэх ухаанд суурилсан бодлого тодорхойлох нь” сэдэвт баруун бүсийн оролцогч талуудын хамтарсан хурлыг 2023 оны нэгдүгээр сарын 11-нд Ховд аймагт зохион байгуулжээ. 

Төслүүдийн анхан шатны үр дүн, цаашид хийх боломжит ажлуудтай уялдуулан хамтран ажиллах чиглэлээ тодорхойлох нь энэ удаагийн хурлын чухал хэсэг байв.

Уур амьсгалын өөрчлөлт нь байгаль орчинд ихээхэн хэмжээний нөлөөллийг үзүүлдэг төдийгүй улс орны нийгэм, эдийн засагт сөрөг хүчин зүйл бий болгодог аж.

Ялангуяа Монгол орны хувьд ган, зуд хоёр хоршсон тохиолдолд малчид амьжиргааны гол эх үүсвэрээ алдах эрсэл бий болж, улмаар хөдөө орон нутагт ажиллаж амьдрах нийгэм, эдийн засгийн тогтвортой байдлаа алдах эрсдэлтэй.  

Статистик судалгаанаас үзэхэд 2000-аад оны зудын дараа хөдөөгөөс хот, орон нутаг руу шилжсэн иргэдийн тоо 80 мянга хүрсэн. Харин 2010 оны зуднаар энэ тоо 38 мянгад хүрч байжээ. 


Иймээс Монгол орон, тэр дундаа баруун бүс нутгийн хүйтэн мандлын өөрчлөлт түүний экосистемд үзүүлэх нөлөөг тооцоолох, Ховд аймгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг байдлыг байгаль орчин, нийгэм эдийн засгийн талаас нэгдсэн байдлаар үнэлж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох бодлогын зөвлөмжийг боловсруулахаар мэргэжилтнүүд зорин ажиллаж байна.

Сүүлийн өдрүүдэд Алтайн өвөр говийн сумдын нутгаар буюу Үенч, Булган, Алтай суманд цас нэмж орж, малын бэлчээрлэлт саатах, малын хорогдол гарах тохиолдол нэмэгдсэн байна. Ховд аймагт хамгийн их цастай байгаа нь Алтай, Булган, Үенч сум 15-18 см. Дарви сум 3 см зузаан цастай байна.  Мөн өнгөрсөн арав хоногт салхи шуургатай, хүйтний эрч чангарах, эсвэл суларч агаар хөрсөнд огцом дулаарах үзэгдэл ажиглагдсан зэрэг нь уур амьсгалын өөрчлөлт гарч, Ховд аймгийн зарим сумын малчдад  зудын эрсдэл,  хүндрэл  үүсч байгааг  харуулж буй.      

Related news