ДУНДГОВЬ: Ж.Рэнцэндагва: Манай аймгийнхан сувиллын өндөг хэрэглэж байгаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-01-16 13:05:14
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. “Хүнсний хангамж-Аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд өдөрт 5000-6000 өндөг үйлдвэрлэж, Дундговь аймгийн иргэдийн өндөгний хэрэгцээг бүрэн хангаж буй “Жаргалант сор” ХХК-ийн захирал Жаргалсайханы Рэнцэндагватай ярилцлаа.


-Танай компани өндөгний үйлдвэрлэлээ өнгөрсөн жил эхэлж, иргэдийнхээ хүнсний хангамжийг нэмэгдүүлсэн нь Дундговь аймгийн хувьд онцлох үйл явдал байлаа. Ковидын үед компаниа байгуулж, бизнесээ эхэлсэн нь онцлог юм, дэлхий нийтийг хамарсан энэ аюулыг давуу тал болгож чаджээ?

-За, ер нь тийм юм даа. Ковид гарсан гээд хөл хорио тогтоогоод, гэртээ байгаа хүн чинь яахав, ийхэв гээд толгойгоо ажиллуулна биз дээ? Энэ үед зориг гарган  бизнесээ эхэлж байжээ.

Тэгэхдээ өмнө нь би мал маллаж байлаа. Би чинь “удам маань малчин юм чинь” гээд хөдөө гараад мянган хургалах хонь авч төллүүлээд, 3-4 жил малчин авч ажиллалаа. Ёстой нөгөө “нийслэл хүү” шиг л  мянган мал төллүүлээд уг нь сайхан байлаа.

Гэтэл сүүлдээ малчин олддоггүй, хүн гуйна, хүн гэдэг яг өөрийн юм шиг хандахгүй, санаанд таарахгүй, өөрөө заавал байхгүй бол болдоггүй ээ. Цалинг нь өгөөд маллуулья гээд байхад сэтгэл гаргаад маллах хүн олддоггүй, болдоггүй ээ ер нь. Ажил хийх хүн олддогүй юм байна.

Хүмүүсийг гайхдаг, төвд фэйсбүүк ухаад л, багахаан цалиндаа сэтгэл ханаад л байхыг хүсдэг ч юм уу. Би хөдөө гараад ир, өндөр цалин өгье гээд байхад л 2-3 сар ажиллачихаад хаяад яваад өгдөг. За ер нь ерөөсөө болохгүй юм байна гээд л янз бүрийн бизнес санаа хайгаад, тэгээд л зориглож, бүх малаа борлуулаад буцаад төвд ирсэн дээ.

Хөл хорионы үед төслөө бичээд л, интернэтээр бас их судалсан. Дундговь аймагт юу дутуу байна гээд судлаад үзсэн чинь хотоос өндөг зөөдөг юм байна. Ингээд өндгөө судалсан. Би их судалгаа хийсэн. Миний үеийн нэг залуу Дорноговь аймагт тахианы аж ахуйг 7-8 жил ажиллуулсан  байж. Түүнтэй танилцаж, газар дээр нь очиж үзсэн. 

Тэр хөл хорионы үед төслөө бичээд батлууллаа. Төсөл маань батлагдсан  учир “болохгүй” гээд яахав дээ, надад ухрах зам байгаагүй. Тэгээд л ажлаа эхэлсэн. Хүн ер нь аливаа зүйлийг болгоё, бүтээе гээд явбал болдог шүү дээ. Би ч өөрөө энэ бизнестээ малаа зарсан 400,0 гаруй сая төгрөгөөр хөрөнгө оруулалт хийсэн. Болсон доо болсон.



-Бизнесээ эхлээд удаагүй байгаа ч одоо үйл ажиллагаа нь жигдэрч, ашгаа өгч эхэлсэн үү, өдөрт хэчнээн өндөг гарч, ямар зах зээлд нийлүүлж байна вэ?  

-Нэг үеийг бодвол дажгүй болж байна. 6000 өндөглөгч тахиатай. Тахиагаа “Түмэн шувуут”-аас авсан. Эхний нэг жил ч шинэ айл чинь зарлага их гарч байсан, ямар ч орлого байхгүй, бүр “хасах” заадаг байлаа. Манай аж ахуйн хувьд 2022 оны 3, 4 дүгээр сараас л өндөг гарч эхэлсэн. Эхний нэг хоёр сард жигдэртлээ уддаг юм байна лээ, Өндөг гарна аа, учиргүй том гарна.

Одоо бол яахав ээ дажгүй явж байна. Борлуулалт сайн байна. Дундговь аймгаа хангачихаад, Өмнөговь аймаг руу гэрээгээр хэд хэдэн дэлгүүрт нийлүүлж байна. Өндөг бас улирлын шинж чанартай юм аа. Зун болохоор борлуулалт буурчихдаг, өвөл болохоор жигдэрдэг. 6 дугаар сард хүүхдүүд амарч, хүмүүсийн амралт зугаалга эхэлдэг болохоор 9 дүгээр сараас борлуулалт нэмэгддэг юм байна. Ер нь 12 болон нэгдүгээр сар л оргил сар нь байдаг. Тэгээд эргээд л борлуулалт буурдаг юм байна гэж би үздэг.

14 хоногтоо нэг удаа “Түмэн шувуут”-аас тэжээлээ татдаг. Замын зардал ер нь их болсон. Тахианууд л гэхэд сардаа 30-40 сая төгрөгийн тэжээл иднэ. Тахиануудаа өдөрт гурван удаа хооллодог.



-Тэгэхээр цаашдаа өргөжүүлэх, тахианыхаа тоог нэмэх төлөвлөгөө байгаа юу?

-Энэ тухай бодож л байна. Тахиагаа олон болгоё уу, тэгэхээр зундаа, борлуулалт муу үедээ яах вэ гээд л асуудал гарна. Өвөлдөө хэрэгцээ маш их байгаад байдаг. Ерөнхийдөө их сонин бизнес юм гэж боддог. Тахиагаа 10-15 мянга болгочихьё гэхээр зундаа тэр их өндгөө хаана борлуулж, хаана шингээх вэ?

Одоо бол захиалгаа 2-3 хоногийн дараа хүргэж өгдөг болчихоод л байна. Хүмүүс манай өндгийг хэрэглээд сурчихсан, мэддэг болсон. “Говь” өндөг байна уу гээд л сурдаг юм. Шинэ өндөг, хуучин өндөг, орос өндөгний ялгаа, чанар маш их. Үүнийг хүмүүс ерөнхийдөө мэдчихсэн бна. Хэрэглээд сурсан, ойлгочихсон байна. Шинэ өндөг ийм амттай, ийм шим тэжээлтэй байдаг гээд л ярьдаг болжээ.

Миний эхний зорилго бол хэрэглэгчиддээ шинэ өндгийг хэрэглүүлж сургах явдал. Холоос зөөж, тээвэрлэж байгаа өндөгний хувьд хэзээ хаанаас хэд хонож ирсэн, ямар гарал үүсэлтэй вэ гэдэг тодорхойгүй.

Хэрэглэгчдийн зан төлөв их өөр өөр байх юм. Зарим нь эндээсээ шинэ өндөг авахыг чухалд үздэг бол зарим нь чи эндээ үйлдвэрлэж байж орос өндөгний үнээс илүү худалдлаа гэдэг. Манайх чинь энд үйлдвэрлэдэг болохоос биш бүх зүйлээ хотоос тээвэрлэж зөөдөг. Сав баглаа боодол, тэжээл гээд бүгдийг Улаанбаатараас том тэргээр зөөвөрлөнө. Тэгэхдээ эндээ гарч байгаа, шинэ гэдэг нь манай бүтээгдэхүүний үнэ цэн юм. Түүнийг ойлгох хүмүүс олон бий. Нэг үеийг бодвол иргэд эрүүл, чанартай, шинэ хүнс авахыг чухалчилдаг болжээ.



-Бизнес эрхэлнэ гэдэг нэг талаас завгүй, байнга хөдөлмөрлөж, ажил хэрэгч байхыг шаарддаг ч нөгөө талаас илүү чөлөөтэй бодож, сэтгэж, цаг заваа үр бүтээлтэй байлгахад чиглэгддэг гэж боддог. Таны хувьд бизнесийн шинэ санаа төрдөг л байх, энэ талаар бодлоо хуваалцаач?  

-Ер нь янз бүрийн бизнесийн санаа их байна аа. Найзуудтайгаа л ярилцдаг. Ундааны сав маш их хаягдаж байна. Түүнийг дахин боловсруулж, янз бүрийн зүйл хийдэг үйлдвэрлэл оруулж ирвэл хэрэгтэй л байна. Бас нэхий гэдэг сайхан зүйл ямар ч үнэгүй хаягдаж байна. Нэхийгээр хятадууд ямар гоё тансаг зүйл хийж байна. Бид юу дутах вэ дээ.

Тахианууд хоногт 800-900 сангас гаргадаг. Арав хоногт найм, есөн тонн болдог. Дахин боловсруулж болох хаягдал байдаг шүү дээ. Түүнийг л одоо орон нутгийнхан бодлого гаргаад ашиглавал болохоор байгаа юм. Бид одоогоор бол гарч байгаа хаягдлаа хогийн цэг дээр л хаяж байна. дахин боловсруулмаар байдаг. Сайхан санаанууд байдаг.

Би ч одоохондоо өөрийн энэ бизнесээс илүү гарахгүй л байна. Тахиагаа яг цаг минутаар хооллодог. Агаар, температурыг тааруулах, тохируулах гээд л нарийн ажиллагаатай тул өөрөө байхгүй бол хэцүү. Миний энэ бизнес бол урт хугацаанд өгөөжөө өгөх бизнес юм. Эхний 3 жил бол оруулсан хөрөнгө оруулалтаа нөхөж амжвал түүнээс цааш л “ашиг” гэж ярина даа. Жил найман сар болоод л сэлгээ хийнэ,  тахиагаа шинэчилнэ гэсэн үг. 2-3 сэлгээ хийж байж л тогтворжино.

Олон улсад бол шинэ өндөг маш үнэтэй байдаг. 1-7 хоногтой өндгийг “шинэ” буюу “сувиллын өндөг” гэдэг. Манай Мандалговьчууд бол сувиллын өндөг л идэж байгаа гэж хэлж болно шүү.   



-Олон залуучууд хөдөө орон нутагтаа ирж ажиллана гэхээс Улаанбаатарт ажиллаж амьдрахыг чухалчилдаг. Таны хувьд өөр бодолтой юм, энэ талаар юу гэж боддог вэ?

-Би 2004 онд оюутан болоод, МУИС-ийг газрын харилцааны мэргэжлээр төгсөөд тэр жилээсээ эхлэн хувиараа бизнес хийж эхэлсэн. Ер нь хийгээгүй зүйл байхгүй ээ. Хувцас зарсан, хоол үйлдвэрлэл ажиллуулсан, махны бизнес эрхэлсэн. Улаанбаатарын тэр утаа түгжрэлээс халширсан. Ингэж байгаад л ер нь нутагтаа очиж амьдарья гэж шийдэж, 2016 онд нутагтаа буцаж ирээд малчин болсон.

Ер нь Дундговьдоо ирсэндээ баярладаг шүү. Хотод амьдрахад хэцүү байна, утаа, түгжрэл гээд. Би зөв шийдвэр гаргажээ л гэж боддог.

Анх Сайнцагаан сумын СХС дээр очиж уулзан, хөл хорионы үед төслөө бичиж эхлээд орон нутагтаа хандаж дэмжлэг хүссэн. СХС-гаас, дараа нь ЖДҮДС-гаас төслийн санхүүжилт авсан. Сум, аймаг маань дэмжсэн.

Манайх 2 хүүхэдтэй. Эхнэр маань төрийн албанд ажилладаг. Аймагт амьдрахад зардал бага, бас дэмжлэг туслалцаа их байдаг. Тухайлбал, Нийгмийн түншлэлийн сүлжээ ТББ-ын сургалтад хамрагдаж, тус байгууллагын шугамаар Олон улсын бизнесийн зөвлөх, Жэй кэй си консалт компанийн захирал Жес Кристиан Колдинг багш ирж бизнесийн  зөвлөгөө өгсөн. Энэ мэтчилэн давуу тал маш их шүү.  

Сүүлийн үед залуучууд хөдөө, орон нутагт ирж ажиллаж амьдрах сонирхолтой болж байх шиг санагддаг. Залуучуудыг дэмжээд өгвөл тэд хөдөө ирж амьдарч, юуг ч бүтээж чадна гэж боддог доо.

-Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье!

Related news