ОРОН НУТГИЙН ТӨСӨВ: Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 20 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2023-01-16 16:31:14

Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт энэ онд аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн 3,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 20 төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн байна. Өнгөрсөн оноос эхэлсэн Бугат сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, Баян-Агт сумын халуун усны барилга, Баяннуур сумын Соёлын төвийн засвар зэрэг ажлыг үргэлжлүүлэн санхүүжүүлэхийн дээр хөрөнгө оруулалтын ажлын зураг, төсөл, техник эдийн засгийн үндэслэл боловсруулах, зарим сумын төвийн гудамж, зам талбайн тохижилт, цахилгаан хангамжийн засвар, шинэчлэл зэрэгт хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөжээ. Энэ жилийн аймгийн орон нутгийн сангийн хөрөнгө оруулалт өмнөх жилийнхээс 31,6 хувь буюу 925,9 сая төгрөгөөр нэмэгдсэн байна.

Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан болон улсын төсвөөс аймгийн орон нутгийн хөгжлийн санд олгох орлогын шилжүүлэг 7,5 тэрбум төгрөгөөр батлагдсан нь өмнөх оноос 24,0 хувиар буюу 1,4 тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Уул уурхайн экспортын хэмжээ нэмэгдэх хүлээлттэй байгаагаас шалтгаалж ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр болон газрын тосны нөөц ашигласны төлбөрийн хэмжээ нэмэгдэж байгаа нь орон нутгийн хөгжлийн сангийн орлогын шилжүүлгийн хэмжээ нэмэгдэхэд голлон нөлөөлж байна гэж аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсээс мэдээллээ.

Related news