ӨМНӨГОВЬ: Өвс тэжээлийн болон уст цэгүүдийг 10 газарт байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2023-01-17 12:16:45

Өмнөговь /МОНЦАМЭ/ Говийн бүсийн аймгуудын хувьд нийт газар нутаг гантай байснаас өвөлжилт хүндэрч байна. Улмаар бэлчээрийн мал төдийгүй хээрийн зэрлэг ан амьтад ихээр хорогдох нөхцөл байдал үүсээд байгаа юм.


Өмнөговь аймгийн хувьд сүүлийн жилүүдэд улам бүр ховордох болсон аргаль, янгир, хар сүүлт, хулан, ирвэс зэрэг зэрлэг, туруутан амьтад нутагладаг бүс нутаг билээ.

 

Говь нутагт цөлжилт, хур бороо, цас бага ордог зэрэг шалтгааны улмаас ан амьтан усгүйдэх, харангадах, ховордох аюултай байнга тулгардаг нь зэрлэг амьтад хорогдож үгүй болох үндсэн шалтгаан болдог талаар мэргэжлийнхэн болон байгаль хамгаалагчид сануулж байна.

 

Тиймээс өвс тэжээлийн цэг болон худаг, усан сан, хөв цөөрмийг олноор бий болгож зэрлэг ан амьтнаа хайрлан хамгаалах, тоо толгой буурахаас сэргийлэн аргаль, янгир хамгаалах сангийн үйл ажиллагааг эрчимжүүлж эхэллээ.

 

Энэ ажлын хүрээнд  "Нутгийн хишиг" хөтөлбөрт тусгуулсны дагуу "Биологийн олон янз байдал, тэр дундаа ховордож буй ан амьтан, ургамлыг хамгаална" гэсэн зорилтыг хэрэгжүүлж ийнхүү зэрлэг ан амьтдыг хамгаалах, тоо толгой нь ховордохоос урьдчилан сэргийлэх зорилгоор энэ удаа Гурвантэс суманд биотехникийн ажил зохион байгуулж, нийт 10 газарт идэш тэжээлийн цэг болон уст цэгийг байгуулаад байна.

 

Цаашид сум бүр дээрх ажлыг идэвхийлэн зохион явуулахыг орон нутгийн удирдлагуудаас уриаллаа.

 

Related news