ХОВД: Хүүхэд хамгааллын төсөл гурван жил үргэлжилнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-01-18 17:45:42

Ховд /МОНЦАМЭ/.  Хүүхдийг Ивээх Сангийн санхүүжилт бүхий “Сургуультай хамтран хүүхэд хамгааллыг сайжруулах нь” төсөл Ховд аймагт хэрэгжиж эхэллээ.

Хүүхэд хамгааллын энэхүү төслийг Хүүхдийг Ивээх Сан Ховд аймгийн ЗДТГ-тай хамтран 3 жилийн хугацаанд хэрэгжүүлэх бөгөөд тус байгууллагуудын удирдлагууд өнөөдөр уулзалт хийж, Харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.

Төслийн хүрээнд аймгийн төв болон хөдөөгийн сумдын төлөөлөл хоёр сургуулийг сонгон авч, багш ажилтнууд, сурагч, эцэг эхчүүд, хүүхэд хамгааллын багийн гишүүдийг чадавхжуулах бөгөөд сургалт, нөлөөллийн ажлуудыг үе шаттай зохион байгуулж, хүүхдийн сурч, хөгжих үйл явцыг хүчирхийллийн бус аргаар дэмжих сайн туршлагуудыг түгээн дэлгэрүүлэхээр зорьж байна.

Сүүлийн жилүүдэд хийсэн судалгаагаар сургуулийн хүүхдүүд хүчирхийлэл, үл хайхрах байдал, ялгаварлан гадуурхалтад өртөх  тохиолдол нэмэгдэж байгаа нь тогтоогджээ.

Зарим судалгаанд дурдсанаар "Сурагчдын 20 орчим хувь нь хичээлийн завсарлагааны үеэр анги танхимыг аюултай газар гэж үзсэн бол, сургуулийн хүүхдүүдийн 80 гаруй хувь нь дарамт шахалт, дээрэлхсэн тохиолдолд хэнд хандахаа мэддэггүй.

Хүүхдүүд өөрсдөө хамгаалагдах эрхийнхээ талаарх ойлголт хязгаарлагдмал, үг хэлэхийн үр дагавраас айдаг тул сургууль дээрээ хүчирхийлэл гэх мэт асуудлыг мэдээлэхээс эргэлздэг. Эцэг эхээсээ хол дотуур байранд амьдардаг хүүхдүүдийн хувьд эдгээр асуудлууд бүр хүндрэлтэй байсаар байна". 

Иймээс төслийн явцад хүүхдийн оролцоог дэмжих замаар тэдэнд тулгарч болзошгүй бэрхшээлийг даван туулах, үе тэнгийнхэндээ зөвлөн туслах ур чадварыг эзэмшүүлэхэд чиглэсэн олон үйл ажиллагаануудыг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.

Ингэснээр хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, цаг алдалгүй хариу арга хэмжээ авах, нөхөн сэргээх чиглэлд орон нутгийн оролцогч талуудын чадавхыг бэхжүүлэх, хүүхэд хамгааллын механизмыг бүрдүүлэх боломж өргөжинө гэж төсөл хэрэгжүүлэгчид үзэж байна. 

 

 

Related news