Салбарын хямралын улмаас “Google” топ менежерүүдийнхээ цалинг бууруулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
odondarjaa@montsame.gov.mn
2023-01-25 11:53:51

НЬЮ-ЙОРК. /The Wall Street Journal/. “Alphabet” холдингийн бүрэлдэхүүнд багтдаг “Google” корпорац нь өөрийн түүхэнд хийж буй хамгийн том хэмжээний цомхотголтой холбогдуулан компанийн топ менежерүүдийн цалинг бууруулах гэж байгаа талаар "The Wall Street Journal" сонин мэдээлжээ. 


Зардлаа бууруулах арга хэмжээний хүрээнд тэргүүн дэд ерөнхийлөгч болон түүнээс дээш албан тушаалд ажиллаж байгаа ажилтнуудын урамшууллыг багасгана гэж "Google"-ийн гүйцэтгэх захирал Сундар Пичаи тус сонинд хэлсэн байна. АНУ-ын технологийн салбарын ажилтнууд цалингийнхаа ихэнхийг урамшуулал хэлбэрээр авдаг аж. 


Технологийн салбарт нүүрлэж буй хямралтай холбоотойгоор 12 мянган ажилтнаа цомхотгоно гэж "Alphabet" холдинг  өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн билээ.


АНУ-ын Бизнесийн эдийн засгийн үндэсний холбооны мэдээллээр, эдийн засгийн байдал дордож байгаагийн улмаас тус улсын компаниудын 20 орчим хувь нь ажилтнуудаа цомхотгох төлөвтэй байна. Америкийн "Goldman Sachs" банк гэхэд л 3200 ажлын байрыг цомхотгох хамгийн том үе шатыг эхлүүлээд байгаа бол "Microsoft" корпорац 2023 онд 10 мянга орчим ажилтнаа цомхотгохоор төлөвлөж буйгаа мэдэгдээд байгаа юм.


Ийм арга хэмжээ нь дэлхийн эдийн засгийн өсөлтийн удаашрал, түүнчлэн цар тахлын үеэс хойш хэрэглэгчид цахим бүтээгдэхүүнд зарцуулах зардлаа танах хандлагатай болсонтой холбоотой гэж шинжээчид үзэж байна.


Ирэх 12 сард АНУ-д эдийн засгийн хямрал нүүрлэж, ажилгүйдэл нэмэгдэнэ гэсэн шинжээчдийн таамгийг “The Wall Street Journal” өмнө нь нийтэлжээ. 

Related news