Элчин сайд Ян Вытопил монгол бичгээр нэрийн хуудсаа чимжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
batbold.sh@montsame.gov.mn
2023-01-27 14:02:13
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ян Вытопил 2023 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагт зочиллоо.


МОНЦАМЭ агентлагийн дарга Э.Содонтогос Элчин сайд Ян Вытопилийг хүлээн авч уулзах үеэрээ агентлагийн үйл ажиллагаа, цаашдын зорилго зорилтыг танилцуулж, хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллахад нээлттэй байгаагаа илэрхийллээ. Тэрбээр, Монгол, Чех улсуудын харилцаа, хамтын ажиллагааг улам бүр хөгжүүлэх үйлст МОНЦАМЭ агентлаг гүүр болж, манлайлан ажиллах хүсэлтэй байна. Чехийн мэдээллийн агентлаг, хэвлэл мэдээллийн байгууллагуудтай ойр дотно харилцаа тогтоож, хоёр орны сэтгүүлчдийн хамтын ажиллагаа, бүтээлч санал санаачилгыг нэмэгдүүлье. Зөвхөн хэвлэл мэдээллийн салбараар хязгаарлахгүй нийгэм, хүмүүнлэгийн болон бусад салбаруудад тодорхой төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж, нөлөөллийн ажлуудыг хийх замаар Монгол-Чехийн харилцааны хөгжилд хувь нэмрээ оруулах боломжтой. МОНЦАМЭ агентлаг өөрсдийн үйл ажиллагааны үндсэн чиглэлүүдийн хүрээнд Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайдын яамнаас санаачлан зохион байгуулж буй ажлуудыг бүх талаар дэмжин ажиллана гэв. 


Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ян Вытопил.

Тэрбээр нэрийн хуудсаа үндэсний монгол бичгээр чимжээ.


Элчин сайд Ян Вытопил Бүгд Найрамдах Чех Улс, Монгол Улс нь олон жилийн найрсаг харилцаатайг дурдаад, өнгөрсөн хугацаанд 35-40 мянган монголчууд Чех улстай ажил амьдралаа холбосон байдаг. Одоо Чех улсад албан ёсоор 12 мянга орчим иргэн амьдарч байна. Энэ үзүүлэлтээрээ Чех улс нь БНСУ, АНУ-ын дараах хамгийн олон монголчуудтай дэлхийн гурав дахь улс болж байгааг онцоллоо. Түүнчлэн тус улсад Монголын 1200 гаруй оюутан, сурагчид суралцдаг. Оюутан сурагчдаа гадаадын өндөр хөгжилтэй орнуудад боловсрол эзэмшүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Ерөнхийлөгчийн илгээлт-2100" хөтөлбөрт Бүгд Найрамдах Чех Улс идэвхтэй оролцогч байна. Энэ өдрүүдэд гэхэд л Чех улсад монгол оюутнуудыг суралцуулах тэтгэлэгт хөтөлбөрөө зарлаад байна. Ер нь сүүлийн жилүүдэд хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа улам эрчимжиж байгаа. Хамгийн сүүлийн ажлуудаас дурдахад, Прагийн амьтны хүрээлэнгээс Монголд 4 дэх удаагаа тахь нутагшуулах шинэ төслийн байршлаа эцэслэн шийдвэрлэлээ. Энэ удаад Монгол орны хамгийн зүүн бүсийн Дорнод аймгийн Халх гол суманд тахь нутагшуулах болсон. Мөн энэ 7 хоногт Монгол, Чех иргэдийн тэтгэврийн асуудалтай холбоотой Бүгд Найрамдах Чех Улс, Монгол Улс хоорондын Нийгмийн хамгааллын хэлэлцээрийг хэрэгжүүлэх Удирдлагын тохиролцоонд хоёр тал гарын үсэг зурлаа. Энэхүү тохиролцоогоор БНЧУ-д ажиллаж байсан монголчууд, түүнчлэн Монгол Улсад ажиллаж байсан чех иргэд ажилласан жилээ нэгтгэн тооцуулж тэтгэврээ тогтоолгох боломжтой болж байгаа юм. Монгол-Чех-Словакийн найрамдлын нийгэмлэг, Чех улсад төгсөгчдийн холбоо зэрэг байгууллагууд идэвхтэй үйл ажиллагаа явуулж, хоёр орны харилцааг үргэлж дэмжиж ирсэн. Цаашид хоёр улсын хэвлэл мэдээллийн байгууллагууд, сэтгүүлчдийн хамтын ажиллагааг дэмжиж, холбож ажиллахад бэлэн байна гэв.


Монголын үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг нь анх 1958 онд Чехословакийн Цахилгаан мэдээний агентлаг (ЧТК)-тай хамтран ажиллах хэлэлцээр байгуулж, улмаар 1977 онд уг хэлэлцээрээ шинэчлэн мэдээ мэдээлэл, гэрэл зураг солилцох зэргээр 1990 оныг хүртэл идэвхтэй хамтран ажиллаж байсан түүхтэй юм.


МОНЦАМЭ агентлагийн дарга Э.Содонтогос, Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайд Ян Вытопил нар хоёр улсын мэдээллийн агентлагууд хамтран ажиллах тухай хэлэлцээрт гарын үсэг зурснаас хойш хэдийнээ 46 жил өнгөрснийг онцолж, шинэ зуунд, шинэ арга барилаар, бодитой, ажил хэрэгч хамтын ажиллагааг бий болгон, тодорхой төсөл хөтөлбөрүүд санаачлан ажиллахаа илэрхийллээ.


Гэрэл зургийг Т.Чимгээ

Related news