ХОВД: Соёлын салбарынхан хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтийг хангахыг шаардав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-01-31 17:47:07

Ховд /МОНЦАМЭ/. Өдгөө Ховд аймгийн соёл, урлагийн салбарын 19 байгууллагад 200 орчим хүн ажиллаж байна.

Өнөөдөр Соёлын тухай хуулийн хэрэгжилтийг хангаж цалин хөлсийг нэмэгдүүлэх, орон нутгийн нэмэгдэл олгохыг хөдөө орон нутгийн Соёлын салбарынхан шаардаж, “Хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтийг хангая” сэдэвт цуглааныг Ховд аймагт зохион байгууллаа.

Үндэсний дархлаа болсон Соёлын салбар өдгөө боловсон хүчний дутагдалтай, ажилтан алба хаагч, уран бүтээлчдийн ажлын ачаалал их байгаа боловч цалин хөлс нь бага. Иймээс соёлын салбарынхан Ховд аймгийн хөгжимт драмын театрын урд талбайд цуглаж, Хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтийг хангах тухай үзэл бодлоо нээлттэй илэрхийлж байгаа юм.

Энэ удаагийн цуглаанд Ховд аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчдээс гадна музей, нийтийн номын сан, сумдын соёлын  төвийн  ажилтнуудын төлөөлөл  100 гаруй хүн оролцов.  

Соёлын салбарынхан хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтийг хангахгүй бол ажил хаяхад бэлэн гэдгээ дээрх цуглааны үеэр илэрхийллээ.  Мөн Соёлын яам, холбогдох газруудад гурван төрлийн албан шаадлага хүргүүлжээ.

 

Related news