ЦАГ АГААР: Хоёрдугаар сард Их нууруудын хотгор, говиор ахиу цас орно

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
erdenebat@montsame.mn
2023-02-01 11:55:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цаг уурын байгууллагаас 2023 оны хоёрдугаар сарын цаг агаарын урьдчилсан тойм мэдээллийг гаргажээ. Энэ оны хоёрдугаар сард олон жилийн дунджаас хүйтэн байх төлөв гарсан байна.


Дэлхийн цаг уурын байгууллагаас тогтоосноор олон жилийн дундаж (ОЖД) утга гэдэг нь 1991-2020 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг авч үздэг.

 

УУР АМЬСГАЛЫН ТОЙМ

Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөлийн ихэнх, Архангайн баруун, Сэлэнгийн хойд, Төвийн зүүн хойд хэсгээр нь -22...-28 хэм , Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн өмнөд хэсэг болон Өмнөговийн ихэнх нутгаар -8...-14 хэм, бусад нутгаар -14...-22 хэм хүйтэн байдаг. Энэ бол 2 дугаар сарын агаарын олон жилийн дундаж температур. Гэхдээ 1980, 1981, 1983, 1985, 1986, 1988, 1996, 2000, 2008, 2010, 2012, 2014, 2019 онуудад ихэнх нутгаар, 1987, 2001, 2013 онуудад нутгийн зүүн хагаст ОЖД-аас 1-6 хэмээр, 1984 онд нутгийн баруун хагаст, 2005 онд нийт нутгаар ОЖД-аас 6-10 хэмээр тус тус хүйтэн байжээ. Увс, Хөвсгөл, Завханы хойд хэсгээр 47-55 хэм, бусад нутгаар 38-44 хэм хүрч хүйтэрсэн байна.


Харин 1979, 1993, 1999, 2004, 2015, 2017, 2020, 2021 онуудад ихэнх нутгаар, 2002 онуудад нутгийн зүүн хагаст ОЖД-аас 1-6 хэмээр дулаарсан байх юм. Мөн 1998, 2007 онуудад ихэнх нутгаар ОЖД-аас 6-10 хэмээр дулаарсан аж. Завханы ихэнх, Хөвсгөлийн баруун хойд, Сэлэнгийн зүүн, Төвийн зүүн хойд хэсгээр 2-4 мм цас ОЖД-аар оржээ. Бусад нутгаар 0-2 мм цас орсон байна. 1981–1983, 1986, 1987, 1992, 1994, 1995, 1997–2001, 2008, 20122012 онуудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас бага цас оржээ. Гэтэл 1988, 1990, 1993, 1996, 2002–2007, 2009–2011, 2013–2020 онуудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-3 дахин их цас орсон байх жишээтэй. Увс, Завхан, Хөвсгөлийн хойд хэсгээр 10-18 см, бусад нутгаар 3-8 см зузаан цасан бүрхүүл ОЖД-аар тогтдог. Дээр дурдсан жилүүдэд цасан бүрхүүлийн дундаж зузаан 20–30 см–т хүрч өвөлжилтийн байдал ихээхэн хүндэрч байжээ.


Сарын цаг агаарын урьдчилсан мэдээнд сарын дундаж агаарын температур, нийлбэр хур тунадасны хэмжээг дараах дөрвөн бүс нутгаар тус бүрээр урьдчилан мэдээлдэг.

Баруун (Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Баянхонгор)

Төв (Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв, Орхон, Дархан-Уул)

Зүүн (Хэнтий, Дорнод, Сүхбаатар)

Говь (Дундговь, Өмнөговь, Дорноговь, Говьсүмбэр)

Баруун аймгуудын нутгаар. Увс, Завханы нутаг, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр ОЖД-аас хүйтэн бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Хур тунадас Увс, Завханы ихэнх нутаг, Ховд, Говь-Алтайн хойд, Баянхонгорын өмнөд хэсгээр ОЖД-аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй гэжээ. Агаарын температур гурван арав хоног тус бүрийн сүүлчээр ихэнх нутгаар ОЖД-аас 1-2 хэмээр дулаан байх бол хоёр болон гуравдугаар арав хоногийн эхэн үеэр ихэнх нутгаар ОЖД-аас 1-4 хэмээр хүйтэн байх төлөвтэй аж. Нэгдүгээр арав хоногийн дунд үеэр уулаараа бага зэргийн цас орж, зарим газраар салхи ширүүсэж цасан болон шороон шуурга шуурах магадлалтай байгаа бол хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр ихэнх нутгаар цас орж, салхины хурд 4-9 м/с байх төлөвтэй байна.

Төвийн аймгуудын нутгаар. Хөвсгөлийн баруун өмнөд, Архангайн баруун хэсгээр ОЖД-аас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй. Хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байна. Нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёр болон гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар ОЖД-аас 1-2 хэмээр дулаан, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар ОЖД-аас 1-4 хэмээр хүйтэн байх төлөвтэй гэжээ. Хугацааны эхээр уулархаг нутгаар бага зэргийн цас орж, зарим газраар салхи шуургатай байх магадлалтай байгаа бол хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар цас орж, салхины хурд зарим үед 14-18 м/с хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурна.

Зүүн аймгуудын нутгаар. Хэнтийн ихэнх нутаг болон Дорнодын хойд хагаст ОЖД-аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Хэнтий, Дорнодын ихэнх хэсэг болон Сүхбаатарын хойд хэсгээр ОЖД-аас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй гэжээ. Агаарын температур нэгдүгээр арав хоногийн сүүлийн хагас, хоёр болон гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар ОЖД-аас 1-3 хэмээр дулаан байх бол хоёрдугаар арав хоногийн эхний хагас, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар ОЖД-аас 1-4 хэмээр хүйтэн байхаар байна. Нэгдүгээр арав хоногийн дунд үеэр уулархаг нутгаар бага зэргийн цас орж, салхи ихэнх нутгаар 14-16 м/с хүртэл ширүүсэх төлөв гарчээ. Харин 2 дугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн ихэнх хугацаанд зарим газраар цас орж, салхины хурд 5–10 м/с байхаар байна.

Говийн аймгуудын нутгаар. Өмнөговийн ихэнх сумдын нутаг болон Дундговийн өмнөд хэсгээр ОЖД-аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөв гарчээ. Агаарын температур нэг болон хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар ОЖД-аас 1-2°С-аар дулаан байна. Нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар ОЖД-аас 1-4 хэмээр хүйтрэхээр байна. Хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр зарим газраар цас орж, салхины хурд 12–14 м/с, зарим үед 18-20 м/с хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй гэжээ.

 

Цаг агаарын үзэгдэл нутгийн 30 хувиас хэтрэхгүйгээр зурвас газраар ажиглагдах тохиолдолд "зарим газраар", 30-70 хувьд "ихэнх нутгаар", 70 хувиас дээш нутгийг хамрах тохиолдолд "бүх нутгаар" гэсэн нэр томьёо хэрэглэдэг.

 

ЗӨВЛӨМЖ

Энэ сард агаарын дундаж температур нутгийн баруун хагастаа буюу ялангуяа Увс, Завханы нутаг, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсэг, Архангай, Хөвсгөлийн баруун хэсгээр ОЖД-аас хүйтрэхээр байна. Харин зүүн аймгуудын зарим сумдын нутгаар буюу ялангуяа Хэнтий, Дорнодын нутгаар ОЖД-аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байхаар байна. Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар  ОЖД-аас ахиу цас /хур тунадас/ орох магадлалтай. Хэнтий, Дорнодын нутаг, Сүхбаатарын хойд хэсгээр ОЖД-аас бага, бусад нутгаар дунджийн орчим орохоор байна.


Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бага зэргийн цас орж, ихэнх нутгаар салхи шуургатай байх магадлалтай. Энэ үеэр тэнгэр үе үе муудахаар байгаа бол хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар цас орно. Цас орох үед агаарын температур ОЖД-аас 1-4 хэмээр хүйтрэхээр байна. Бусад хугацаанд харьцангуй цас, агаарын температур дунджийн орчим болон дунджаас 1-2 хэмээр дулаан байх төлөвтэй. 

Related news