“Magic Mike’s Last Dance” тасалбарын борлуулалтаараа тэргүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
khulan@montsame.gov.mn
2023-02-13 17:13:07

ВАШИНГТОН. /AP/. Америкийн “Warner Bros” компанийн уран бүтээл “Magic Mike’s Last Dance” мюзикл инээдмийн уран сайхны кино нээлтээ хийсэн эхний долоо хоногтоо 8.2 сая ам.долларын орлого олсноор "Box Office"-ын жагсаалтыг тэргүүллээ гэж “Comscore” судалгааны компани ням гарагт мэдээлжээ.


Энэхүү кино нь “Magic Mike” франчайзын гуравдугаар анги бөгөөд өмнө нь 2012 онд “Magic Mike”, 2015 онд “Magic Mike XXL” ангиуд нь гарч байсан юм. Америкийн жүжигчин Ченнинг Татум Майкийн дүрийг бүтээсэн бол найруулагчаар Стивен Соденберг ажиллажээ.


Харин Канадын найруулагч Жеймс Кэмероны "Avatar: The Way of Water" кино өнгөрсөн долоо хоногт нийт 6.88 сая ам.долларын ашиг олсноор жагсаалтын хоёрдугаарт оржээ. Ийнхүү “Avatar” киноны хоёрдугаар анги Хойд Америкийн зах зээлээс хамгийн их ашиг орлого олсон кинонуудын 10 дугаарт жагсаж байна.


Box Office”-ын жагсаалтын гуравдугаарт, “Titanic” уран сайхны киноны 25 жилийн ойд зориулан шинэчилсэн хувилбар бичигджээ. Нээлтээ хийсэн долоо хоногтоо 6.4 сая ам.долларын ашиг олоод байгаа уг киног гэгээн хайрын баярыг угтан энэ сарын 10-ны өдрөөс эхлэн өндөр чанартайгаар кинотеатруудаар гаргаж байгаа юм. 


“Super Bowl” буюу АНУ-ын үндэсний хөл бөмбөгийн лигийн аварга шалгаруулах тэмцээн болдог амралтын өдрүүдэд кино үзвэрийн орлого ихэвчлэн бага байдаг бөгөөд өнгөрсөн амралтын өдөр кинонуудын нийт орлого ердөө 51.1 сая ам.доллар байсан гэж “Comscore” мэдээлжээ.

Д. Амартуяа

Related news