ДУНДГОВЬ: "Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй орон нутаг" төсөлд 3 сум хамрагдана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-02-14 12:11:22
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. “Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй орон нутаг” төслийн удирдагч Б.Оюунтуяа Дундговь аймагт ажиллаж, төслийн ажлын багийн гишүүдтэй уулзан цаашид хэрхэн хамтран ажиллах тухай санал солилцов.


Дэлхийн Зөн Монгол ОУБ-аас тус аймагт дахин шинэ төсөл хэрэгжүүлж эхэлсэн нь АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн Хүмүүнлэгийн тусламж үзүүлэх товчооны санхүүжилттэй “Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй орон нутаг” төсөл юм.

Уг төслийг 2025 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл хугацаанд Улаанбаатар хотын 12 хороо, Дундговь, Дорноговь, Дорнод, Говь-Алтай,  Увс аймгийн 18 суманд хэрэгжүүлэх ба тус аймгийн зорилтот сумаар Сайнцагаан, Эрдэнэдалай, Хулд сум сонгогджээ.

“Орон нутгийн гамшгийн эрсдэлийн удирдлагыг бэхжүүлэх, иргэдийн амьжиргааг хамгаалах, тогтвортой хөдөө аж ахуйг дэмжих замаар уур амьсгалаас үүдэлтэй гамшгийн эрсдэлийг даван туулах чадавхтай орон нутаг болоход нь дэмжлэг үзүүлэх” зорилго бүхий уг төсөл зорилтот орон нутгийн иргэд, төслийн оролцогч байгууллагуудыг чадавхжуулж, олон нийтийн оролцоотойгоор гамшгийн эрсдэлийн менежментийн бодлого төлөвлөлтийг сайжруулах чиглэлээр ажиллах ажээ.


Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй байгалийн аюулт үзэгдэл орон нутаг, иргэдийн чадавх, нөөц боломжоос давсан тохиолдолд “гамшиг” болдог. Тиймээс гамшгийн эрсдэлийг бууруулахад “бэлэн байдал” чухал юм.


Дундговь аймгийн хувьд мал аж ахуйд суурилсан эдийн засагтай, 14847 өрхийн 7681 буюу нийт өрхийн 52,0 хувь нь малчин өрх байдаг. Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй байгалийн гамшиг тохиолдох давтамж нэмэгдэж, 2021 онд 362 удаагийн хүчтэй салхи шороон шуурга болж, 3 дугаар сарын 14-нд болсон байгалийн гамшигт үзэгдлийн улмаас есөн хүний амь эрсдэж, малчид эд материалын их хэмжээний хохирол амссан.

Харин 2022 онд уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй салхи, шороон шуурганы тоо буурсан ч малын гоц халдварт өвчний гаралт өмнөх оныхоос 10-аар нэмэгдэж, 19 тохиолдол бүртгэгджээ.

Энэхүү байгалийн гамшиг, малын гоц халдварт өвчний үед орон нутгийн иргэдийн чадавхыг нэмэгдүүлж, бэлэн байдлыг сайжруулахад “Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй орон нутаг” төсөл чухал ач холбогдолтой.

Төслийн хүрээнд 1) Гамшгийн эрсдэлийн удирдлагын бодлого, төлөвлөгөөг сайжруулж, бүх түвшинд эрсдэлийг бууруулах стратегид хүргэх; 2) Хил дамнасан малын өвчлөлийн тандалт судалгааг сайжруулах замаар малчдын амьжиргааг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх гэсэн хоёр зорилтыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Нэгдүгээр зорилтын хүрээнд сайн дурын 26 сургагч багш нарыг бэлтгэн, иргэдэд бэлэн байдлыг нэмэгдүүлэх сургалт, идэвхжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулж, тэдний оролцоотойгоор гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийж, эрсдэлийг бууруулах төсөл боловсруулан хэрэгжүүлэх юм.

Түүнчлэн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийг чадавхжуулж, төслийн зорилтот 3 сумын Эрэн хайх аврах салбарын  чадавхыг үнэлж, шаардлагатай тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлэх бол аймгийн ОБГ-т цахим сургалтын танхим байгуулахаар төлөвлөсөн байна.

Төслийн хоёр дахь зорилтын хүрээнд орон нутгийн мал эмнэлгийн мэргэжилтнүүдийг чадваржуулж, 3 сумын мал эмнэлгийн тасаг, нэгжүүдэд шаардлагатай тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлэх ажээ.

Уулзалтын үеэр тус төслийн ажлын хэсгийн ахлагч, аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяр байгалийн гамшигт тэсвэртэй орон нутаг, иргэдийг бэлтгэж, бэлэн байдлыг нэмэгдүүлэхэд Дэлхийн Зөн ОУБ ихээхэн тус дэм болж, 2021-2022 онд “Гамшигт тэсвэртэй орон нутаг” төслийг амжилттай хэрэгжүүлж дуусаад шинээр дахин “Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй орон нутаг” гэсэн шинэ төсөл хэрэгжүүлэх болсонд талархаж байгаагаа илэрхийлэн төслийг хэрэгжүүлэхэд орон нутгийн зүгээс санаачилга гарган, төслийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд анхаарч, нягт хамтран ажиллана гэдгээ илэрхилжээ. 

Related news