ДАРХАН-УУЛ: Бараа, бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар муу байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-02-16 08:08:13

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Цар тахлын дараа Цагаан сарын баяраа монголчууд өргөн дэлгэр тэмдэглэхээр бэлдэж байна. Гэвч өдөр хоногоор ойртож буй сар шинийн баярыг угтан өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх, тэр хэрээрээ худалдан авах чадвар муу байгааг худалдаа эрхлэгчид болон иргэд онцолж байна.



Энэ жилийн тухайд дундаж, боломжийн амьдралтай ахмадууд 1.5-3.0 сая төгрөгөөр сар шинийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэхээр бэлтгэл ажлаа базааж байна. Үндэсний баярыг тодотгодог ууц хамгийн үнэтэй байгаа бол дараа нь цагаан идээ орж байна. Өнгөрсөн жилийнхтэй харьцуулбал ааруул 5000-10000 мянган төгрөгөөр нэмэгджээ. Махны үнийн тухайд долоо хоног бүр их биш ч тодорхой хэмжээнд нэмэгдэж буйг худалдан авагчид учирлаж, үнийн хөөрөгдөлд дарлуулж байна гэв.




Ахмадууд тэтгэврийн зээл авч дээр нь үр хүүхдүүдийнхээ өгсөн хэдэн төгрөгөөр идээ, шүүсээ бэлдэж байгаа нь нууц биш юм. Гурилын үнэ нэмэгдсэн. Түүнийг дагаад гурилан бүтээгдэхүүн өнгөрсөн жилийнхтэй харьцуулбал 20-50 хувь нэмэгдсэн талаар өнгөрсөн жилийнхээ төсөвтэй харьцуулан жишиж худалдан авалт хийж буй хашир ахмадууд олон тааралдав. Таван зуун мянган төгрөгийн тэтгэвэр авдаг ахмадууд 3-4 сарынхаа тэтгэвэртэй тэнцэх хэмжээний зарлага гаргаж байна гэв.



Нөгөөтэйгүүр ахмадууд маань үндэсний уламжлалт баяр ёслолоо архигүй тэмдэглэхийг уриалж байна. Нас ахих тусам үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж залуусдаа хөрөнгө оруулалт хийхийг бодох юм. Гэвч үндэсний гэх тодотголтой юм бүхэн тэнгэрт тулсан үнэтэй. Өнөөдрийн тэтгэврээрээ тэр сайхан гэж сурталчлаад байгаа үндэсний үйлдвэрлэлээсээ авч дийлэхгүй нь. Уг нь их аятайхан зүйл мэр сар тааралдах ч үнийг нь сонсоод хэлэх үггүй болоод явж байна гэсэн өндөр настнууд өргөн дэлгэр үзэсгэлэн худалдаа, өнөөх бөөний төвүүдэд ч тааралдана.



Зарим нь гурван сар зарцуулах мөнгөө гурван өдөрт зориулж байна гэх бол хэсэг бүлэг нь ингэлээ гээд хоосорчих биш учир нь олдоно доо хэмээн өөрийнхөө сэтгэлд тэнхээ нэмэн үл ялиг жуумалзан өргөн хэрэглээний барааны үнийг судлан алхсаар...

Монголчуудын гэм биш зан байдаг. Аливаа зүйлд цагийг нь тулгаж бэлддэг. Тэр сиймхийг зарим худалдаа эрхлэгчид овжноор ашиглаж, сар шинийн баяр дөхөх бүрт бага багаар бараа, бүтээгдэхүүнийхээ үнийг нэмсээр л байдаг.

Саяхан ахмадын тэтгэврийг урьдчилж олгох шийдвэр гаргасан. Гэвч тэрхүү шийдвэр нь тийм ч оновчтой шийдвэр биш гэдэгт ахмадын төлөөлөл хэлж байна. Нэгэнт дансанд орчихвол бид хэрэглээндээ зарцуулж л таарна. Харин гуравдугаар сард бид яах вэ, дахиад л урьдчилж өгөөд байх уу? заримдаа төр засгийн минь гаргаж буй шийдвэр арай түрэгдэж, судалгаа хийлгүй биелэлээ олж байгаад харамсаж байна гэлээ.

Өнгөрсөн жил 1.5 саяд багтааж авсан зүйлээ энэ жил авахад даруй 500.0-800.0 мянган төгрөгөөр нэмэгдсэн байна гэж хөдөө орон нутгаас Дархан хотыг зорьж сар шинэдээ бэлдэж буй малчид хэлж байлаа. Энэ жил хоёр сая төгрөгт багтаан цагаан сар тэмдэглэлээ гэхэд ирэх жил гурван саяд бэлдэхийг үгүйсгэхгүй юм...



Гэвч өдрийн хоолоо аргацааж, үр хүүхдүүдээ хоосон хонуулчихгүйн тулд гуйлга гуйхаас наагуур амьдарч буй иргэд олон бий. Тэдэнд үнийн өсөлт ямар хүнд тусч байгааг төсөөлөхийн аргагүй.

Аймгийн статистикийн хэлтсээс долоо хоног бүр өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийн судалгааг гаргаж байна. Гэвч тэрхүү үнийн судалгаатай иргэд санал нийлэхгүй байна гэж цахим орчинд бухимдлын үг шидэлцэнэ. Учир нь бодит байдлаас судалгаа хийсэн үү гэдэгт эргэлзэж, зарим бараа бүтээгдэхүүний үнэ буруу гэх зэрэг шүүмжүүд хөвөрсөөр.



Төрийн байгууллагын гаргасан өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийг долоо хоногоор харьцуулбал:

Өнгөрсөн долоо хоногт үхрийн ястай мах 13667 төгрөг байсан бол энэ долоо хоногт 14333 болж 666 төгрөгөөр нэмэгджээ. Хонины ястай мах нэг килограмм нь 11500 төгрөг байсан бол 11667 болж нэмэгджээ. Харин ямааны мах 9250 төгрөгөөс 9500 болж 250 төгрөгөөр нэмэгдсэн бол нэгдүгээр зэргийн нэг кг гурил 2156 төгрөгөөс 2190 болжээ. Төв газрынхны хэлдгээр хөдөөний шингэн сүү өнгөрсөн долоо хоногт 3200 байсан бол 3433, цагаан будаа 3500-3567 болж нэмэгдсэн байна. Харин шатахууны үнэ нэмэгдээгүй аж.



Related news