Япон улстай мэргэжлийн боловсрол, мэдээлэл технологийн чиглэлээр хамтарч ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2023-02-19 16:10:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амалангаар ахлуулсан ажлын баг Япон улсад энэ сарын 3-12-нд ажиллаад ирлээ. Айлчлалын хүрээнд мэргэжлийн боловсрол сургалт, их сургуулийн эмнэлгийн тогтолцоог бэхжүүлэх, мэдээллийн технологийн чиглэлээр хамтран ажиллах талаар хэд хэдэн ажил хэрэгч уулзалтыг зохион байгуулсан байна.

 

Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийллээ

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Японы Гадаад хэргийн сайд Хаяши Ёшимасатай уулзахдаа, Япон Улсын Засгийн газар нь Монгол Улстай дипломат харилцаа тогтоосноос хойш өнөөг хүртэлх хугацаанд манай улсын олон салбарт эдийн засгийн тусламж, дэмжлэг үзүүлж ялангуяа, эдийн засаг, нийгэм болон боловсролын салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буйг онцлон тэмдэглэж Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.

 

Япон Улсын Гадаад хэргийн сайд Ё.Хаяши, “Ойрын жилүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нарын Япон Улсад хийсэн айлчлалаас гадна өөрийн биеэр Монгол Улсад айлчилсан. Энэ удаад Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Япон Улсад айлчилж байгаа нь хоёр улсын хооронд гадаад хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж буйн илрэл юм. Хоёр орны ард иргэд хоорондын харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт бэхжүүлэх үндэс суурь нь болдог “ХҮН”-ийг хөгжүүлэх, бүх талаар хөхиүлэн дэмждэг боловсролын салбартай хамтран ажиллах болно” гэдгээ илэрхийллээ.


Боловсролын салбарт бүх талаар хамтран, дэмжиж ажиллахаа илэрхийлэв

Айлчлалын үеэр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Япон улсын Боловсрол, соёл, спорт, шинжлэх ухаан, технологийн сайд К.Нагаокатай уулзаж хэд хэдэн саналыг тавилаа. Тухайлбал, Монгол Улсад хувийн хэвшлийн 2, ШУТИС-ийн харьяанд 1 Коосен сургууль үйл ажиллагаа явуулдаг. Энэ 3 сургуульд 1000 орчим оюутан суралцаж байна. Цаашид Япон Улстай хамтран манай орны онцлогт тохирсон мэргэжлээр одоо байгаа 40 орчим МСҮТ, Коллежид Коосен хөтөлбөрийг хэрэгжүүлж инженер, техникийн мэргэжилтэй чадварлаг боловсон хүчин бэлтгэх зорилт тавина. Тиймээс Япон Улсаас Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг Коосений төлөөлөгчийн газрыг үргэлжлүүлэн сунгаж ажиллуулахыг хүслээ. Мөн Хөдөө аж ахуйн чиглэлээр Япон Улсын Ибараке мужийн Намегата хотод Монгол оюутнуудыг сургаж, эндээ дадлага хийх, цалинтай ажиллаж сайн туршлага хуримтлуулж эх орондоо ажиллах боломжийг судалсан. Цар тахлын үед Японд суралцах Монгол оюутны тоо эрс буурч, одоогийн байдлаар 2600 орчим оюутан манайхаас суралцаж байна. Энэ тоог нэмэгдүүлж, 2027 он хүртэл цар тахлын өмнөх үеийн хэмжээнд хүргэхийг хүсэж байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн хоёр талын хэрэгжүүлсэн 1000 инженер хөтөлбөр хэрэгжээд дууссан тул тус хөтөлбөрийн 2 дахь төслийг эхлүүлэх, Монгол Улсын сайн инновац бүтээсэн гарааны компаниудын бизнес төслүүд дээр хамтарч ажиллах санал тавив.


Уулзалтын үеэр АШУҮИС-ийн дэргэдэх эмнэлгийг Их сургуулийн эрдэм шинжилгээ, судалгааны цогцолбор бүхий шинэ менежмент, хэлбэрээр хөгжүүлэх төлөвлөгөөгөө хэлж, хоёр тал хамтарч ажиллахаар боллоо. Хоёр улс боловсролын салбарт Боловсролын чанарын үнэлгээг дээшлүүлэхэд бодитой хамтран ажиллах боломжтой. 


Хатагтай К.Нагаока боловсролын салбарт бүх талаар хамтран, дэмжиж ажиллахаа илэрхийлж, томоохон санхүү, хөрөнгө оруулалтын төслүүдээ Монгол Улсын Засгийн газар хоорондын гэрээнд тулгуурлаж, ЖАЙКА байгууллагаар хэрэгжүүлэх нь зөв гэлээ.

Google-ийн боловсролын шинэ платформыг Монголд нэвтрүүлнэ

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангийн Япон Улсад хийсэн айлчлалын үеэр Google компанитай дараах чиглэлээр хамтран ажиллахаар ярилцлаа.

1.ЕБС-ийн сурагч, техникийн болон мэргэжлийн боловсролын байгууллагад суралцагчдад зориулсан мэдээллийн технологийн хөтөлбөрийг анги бүрийн онцлогт тохируулан хэрэгжүүлэх,

2.Багш бүрийг компьютержуулах чиглэлээр хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлэх, боловсролын чанарыг сайжруулахад дижитал тоног төхөөрөмжийн төсөл хэрэгжүүлэх,

3.Багш нарын ажлын ачааллыг бууруулах, олон системд тайлан шивдэг, программ нь ачаалаа дийлдэггүй байдлыг халж google-ийн боловсролын болон төрийн байгууллагын дижитал орчныг сайжруулахад чиглэсэн орчин үеийн программ хангамж, шинэлэг аппликейшн нэвтрүүлж ажиллахаар боллоо. 


Монгол-Японы эмнэлгийн үйл ажиллагааг өргөтгөх чиглэлээр ЖАЙКА-тай хамтран ажиллана

Япон улсад ажиллах үеэрээ Боловсрол, шинжлэх ухааны яамны холбогдох хүмүүс ЖАЙКА Олон Улсын хамтын ажиллагааны байгууллагын ерөнхийлөгч, ноён Тонака Акихико, дэд ерөнхийлөгч, ноён С.Имото нартай уулзаж, шинжлэх ухаан, инновац хөгжүүлэлтийн чиглэлд төсөл хэрэгжүүлж, Монгол Улсын Засгийн газраас баримталж буй гарааны бизнесийг дэмжих чиглэлд хамтран ажиллах санал тавив.

 

Япон Улсын Засгийн газрын зээлээр баригдсан Монгол-Японы эмнэлгийн 2 дахь шатны хөтөлбөрийг эхлүүлж, эмнэлгийн өргөтгөл, чадварлаг эмч нарыг үе шаттай бэлтгэх, орчин үеийн өндөр нарийвчлалтай эрүүл мэндийн тоног төхөөрөмж нийлүүлэх асуудлыг шийдвэрлэхээ ЖАЙКА-гийн удирдлагууд илэрхийллээ.


Монгол-Японы эмнэлэг АШУҮИС-ийн харьяа учраас Их сургуулийн дэргэдэх судалгааны цогцолбор хүрээлэнгийн бүтэцтэй байх шаардлага үүссэн. Энэ чиглэлээр Японы Их сургуулийн дэргэдэх эмнэлгүүд, эрүүл мэндийн судалгааны төвүүдтэй хамтарсан төсөл хэрэгжүүлэхээр ярилцлаа.

Related news